sonin.mn
Сонгуулийн өдөр ажилчдаа санал өгөх боломжоор хангахгүй, хууль зөрчин ажиллаж байгаа талаар УДБЭТ, “Ази фарм”, “Метро малл” компанийн ажилчдаас Нийслэлийн сонгуулийн хороонд гомдол ирүүлжээ.
 
Сонгуулийн тухай хуульд зааснаар ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амардаг. Ингэснээр сонгогчийг санал өгөх боломжоор хангах, сонгуулийн ирцийг нэмэгдүүлдэг үр дүнтэй. Гэвч зарим байгууллагууд энэ өдөр үйл ажиллагаа явуулж, санал өгөх боломжоор хангахгүй байгаа талаар ажилчид нь Сонгуулийн байгууллагад гомдол ирүүлсэн байна. Тодруулбал УДБЭТ, “Ази фарм”, “Метро малл” компанийн ажилчдаас гомдол ирсэн талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Батдорж хэлж байв.
 
Сонгуулийн хуулийн 92.13-т “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хэрэв зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8-гаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан юм. Тиймээс санал авах өдөр аливаа байгууллага үйл ажиллагаа явуулахгүй байх, зайлшгүй шалтгаанаар ажиллаж байгаа бол сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангаж, чөлөө олгохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос анхааруулж байна.
 
Мөн энэ өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг бүрэн хориглоод байгаа юм.
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг