sonin.mn
Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Хурцгэрэлийн удаа дараагийн гүтгэлэгт өгөх хариу
 
Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Хурцгэрэл  (Жинхэнэ нэр нь Д.Гэрэл боловч өөрийгөө Хурцгэрэл гэж дуудуулах дуртай) гэдэг хүн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг Лүүк Монголия ХХК, Монгол сафари ХХК-ийг гадаадын анчдад тусгай зориулалтын ан агнуур зуучлах үйл ажиллагаатай нь холбогдуулан хууль зөрчсөн, удирдлага нь гэмт хэрэг үйлдсэн мэтээр эш үндэсгүйгээр гүтгэж, ажил хэргийн нэр хүнд, хувь хүний нэр төрд удаа дараа бүдүүлгээр халдлаа. Тэрбээр эдгээр компаниуд, тэдгээрийн удирдлагад холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр дараах гүтгэлгүүдийг хийсэн (Жагсаалт бүрэн биш). Үүнд: 
 
1. 2015 оны 12 сарын 22-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, дээрх компаниуд гадаадын анчдаар зөвшөөрөлгүй ан хийлгэсэн мэтээр ярьсан.
 
2. Дээрх компаниудын удирдлагын зураг хөргийг оруулан, хууль зөрчиж хулгайн ан хийсэн гэсэн агуулгатай гүтгэлгээ кино болгон төрийн байгууллагуудад түгээсэн байна.
 
3. 2016 оны 1 дүгээр сард 10-аад аймаг, 30-аад сумын Засаг дарга нарт хандан Лүүк Монголия ХХК, Монгол сафари ХХК хууль бус үйл ажиллагаа явуулдаг, тийм учраас тэдгээр компанитай гэрээ байгуулж болохгүй гэж тулган шаардсан агуулгатай бичгийг дээрх гүтгэлгийн кино бүхий CD-ний хамт явуулсан байна.
 
4. 2016 оны 8 сарын 30-нд хэвлэлийн бага хурал хийж дээр дурдсан гүтгэлгийн киногоо үзүүлж, дээрх компаниудын удирдлагуудыг эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн мэтээр нийтэд харуулан сурталчилсан.
 
5. 2016 оны 8 сарын 30-нд Монгол үндэсний олон нийтийн телевизэд ярилцлага өгч, манай компаниудыг хууль зөрчсөн, хулгайн ан хийсэн, тэр үйлдлээ хууль хяналтын байгууллагуудтай хуйвалдан нуусан гэсэн агуулгатай зүйл ярьсан.
 
6. 2016 оны 10 сарын 7-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, мөн л манай компаниудыг хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан, Байгаль орчин аялал жуулчлалын яамны (БОАЖЯ) ажилтнуудтай хуйвалдан, хууль бус лиценз авсан гэсэн агуулгатай зүйл ярьсан.
 
Түүнээс гадна Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, Авилгатай тэмцэх газарт хүртэл элдэв гүтгэлэг бичиж, бидний ажилд ямагт саад бэрхшээл учруулахыг оролдож ирлээ. Хууль, хяналтын байгууллагууд түүний хийсэн гүтгэлэг бүрийнх нь мөрөөр хоёр компанийг шалгаж, хууль зөрчөөгүй болохыг тогтоосоор ирсэн. Хэрвээ бид үнэхээр хууль зөрчсөн бол Хурцгэрэл гуайн “хурц” хараа хяналт, мөрдөлт мөшгөлтөөр гарцаагүй илэрч, тэр нь хуулийн байгууллагын хяналт шалгалтаар баталгаажих байлаа. Хууль зөрчөөгүй биднээс юу ч гарахгүйд Хурцгэрэл гуай улам уурсч, гүтгэлэг нь улам ширүүссээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч түүний гүтгэлэг үндэслэлтэй эсэхийг огтхон ч нягтлахгүйгээр нийтэлж, нэвтрүүлсээр ирлээ.
 
Хурцгэрэл гуай зөвхөн манай хоёр компанийг гүтгээд зогсохгүй, өгсөн мэдээллийнх мөрөөр биднийг шалгаад хууль зөрчөөгүй болохыг тогтоосон хууль хяналтын байгууллагыг, тэр дундаа ЦЕГ-ын мөрдөн байцаах албыг бидэнтэй хуйвалдсан гэж; бизнесийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгон, хуулийн дагуу төрийн үйлчилгээ үзүүлсэн Байгаль орчин аялал жуулчлалын яам, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, ажилтнуудыг хүртэл хууль бус зөвшөөрөл олгосон, авлига хээл хахууль авч, ан амьтан олноор хядуулсан, шонхор шувуу хулгайгаар экспортолсон гэх мэтээр ор үндэсгүй гүтгэн доромжиллоо.
 
2016 оны 10 сарын 7-нд сүүлийн хэвлэлийн бага хурал дээрээ өгсөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд, яамны ажилтан, түүнчлэн аанай л манай хоёр компанийг гүтгэсэн мэдээлэл нь гэхэд хэд хэдэн зурагтаар нэвтэрч, өдөр тутмын сонинууд, 10 гаруй мэдээллийн сайтад нийтлэгджээ. 
 
Бид Хурцгэрэл гуай чухам яагаад манай хоёр компанийг ингэж гүтгээд байгаагийн учрыг олох гэж хичээлээ. БОАЖЯ-ны мэдээлснээр Хурцгэрэл гуай өөрөө Зэрэглээ, Ихрэс нэртэй компаниудаараа өмнө нь ангийн  тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан боловч 2013 оноос шинэ журам нэвтэрч, судалгаа, шинжилгээ, ан амьтан хамгаалах ажилд хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгогддог болсноос хойш энэ ажилд оролцож чадахаа больсон бололтой. Мөн Хурцгэрэл гуай зурагтаар биднийг гүтгэж байхдаа (2016-08-30) ярьсан ярианы агуулгаас түүний хийхээр төлөвлөж байгаа нэгэн хөшөө дурсгалын төсөлд бусад компаниуд хандив өгсөн учраас сайн, бид өгөөгүй учраас “хууль зөрчсөн” болох нь ойлгогдож байна.
 
Үнэндээ Хурцгэрэл гуайн өөрийнх нь ажил бүтэл муутай байгаад бид буруугүй, бас түүний хийх гэж байгаа хөшөө дурсгалыг бид заавал санхүүжүүлэх албагүй. Атгаг санаа, хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө байгаль орчны нэр барьж, хүний нэр төрд ийм олон удаа ингэж хайр найргүй халдах нь дэндүү харгис биш гэж үү.
 
Бид Хурцгэрэл гуайн нас намбыг нь хүндэтгээд өнөөдөр хүртэл түүний олон гүтгэлгийг тэвчиж өнгөрөөлөө. Гэвч сүүлийн үед түүний гүтгэлэг, дайралт хэр хэмжээнээс хэтэрлээ. Лүүк Монголия, Монгол сафари компаниуд Хурцгэрэл гуайн удаа дараагийн гүтгэлгээр бизнесийн нэр хүндээрээ хохироод зогсохгүй, тэнд ажилладаг олон хүн сэтгэл санааны хохирол амслаа. Хурал хийх бүрт нь бидэнтэй хамт гүтгүүлсэн БОАЖЯ, төрийн албан хаагчид ч нэр төрөөрөө хохирлоо.
 
Цал буурал сахалтай, өндөр настай хүн ахмад настайгаараа түрий барьж, намайг хэн хэлж нохойг хэн саахав гэсэн шиг аашилж, хууль ёс хүний эрхийг уландаа гишгэн, бусдыг гүтгэн доромжилж суух биш, намба зааж, залуу үедээ үлгэр дууриал болж суух ёстой бус уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бусдын нэр хүндэд халдсан мэдээллийг нийтлэхээсээ өмнө үнэн мөнийг нягталдаггүй билүү? Удаа дараа ор үндэсгүй гүтгүүлснийхээ төлөө бид хуулийн дагуу нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа үүгээр илэрхийлж байна. Бусдын нэр төрийг юман чинээ боддоггүй, хүнийг хайрлаж хүндэтгэхийг мэддэггүй, байгаль орчны нэр барьж, шантааж, гүтгэлэг хийж амьдардаг ийм этгээдүүд цаашид бүү олшрог.
 
 
Лүүк Монголия ХХК
Монгол сафари ХХК