sonin.mn
Галт зэвсэг, мэсээр сүрдүүлж, арван хүний биед халдсан бүлэг этгээдийн гурвыг  цагдаагийн байгууллага эрэн хайж байгаа. Тэгвэл өчигдөр тэдний хоёрыг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт явж байхад нь баривчилж, саатуулсан байна. 
 
Одоо сэжигтэн  178 сантиметр өндөртэй, махлаг шар царайтай Б.Насандэлгэр гэгчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буйг ЦЕГ-аас мэдээллээ.
 
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучин БНСУ-ын ЭСЯ-ны байрны  хажууд “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт энэ сарын 09-10-нд шилжих шөнийн 02.00 цагийн орчимд бүлэг этгээд 10 гаруй хүнийг гэмтээж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэргийн тухай өмнө нь мэдээлсэн.
 
Тухайн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албаныхан болон Эрүүгийн цагдаагийн газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, буу гаргаж дээрэм хийсэн болон 10 орчим иргэнийг зодож, хутгалж гэмтээсэн бүлэг этгээдүүдийн хоёрыг нь хэргийн газар дээр нь баривчилсан юм.
 
Эрлийг үргэлжлүүлэн энэ сарын 12-ний өдөр  хэргийг толгойлсон гэх хоёр этгээдийг нь цагдаагийнхан нэмж баривчлан, саатуулсан билээ. Эрэн хайж буй этгээдийн зургийг  цагдаагийн байгууллага олон нийтэд зарлаж эрэн хайж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг