sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг АТГ улс төрийн нөлөөллөөр шударга бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн өнөөдөр иргэн Ч.Долгормаа мэдээлэв.
 
Тэрбээр УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хууль бус үйл ажиллагаа, тендерийн будилааны талаар Ерөнхийлөгчид хандсан боловч хариу өгөөгүй байна. “Молекуль” хочит Б.Батбаяр нь “Кашемир Концевц” компанийн 45 хувийг эзэмшдэг байна. Тэрбээр 2011 онд Засгийн газраас ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй зээлээс 5 тэрбум төгрөг авсан байна.
 
Уг  мөнгөнөөс “Кашмер Концевц”-д нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд их өрөнд орсны улмаас тус компани дампуурсан байна. Иргэн Ч.Долгормаа нь уг компаний мөн 45 хувийг эзэмшдэг байсан бөгөөд Б.Батбаяраас хөнгөлөлттэй зээлийн мөнгийг гаргуулахаар 2012 онд хууль, хяналтын байгууллагад хандсан ч шийдвэрлэж өгөхгүй явсаар өнөөдрийг хүрчээ.
 
Тиймээс Ч.Долгормаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан АТГ-аар Б.Батбаярыг шалгуулж, хариуцлага тооцуулах талаар хүсэлт хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хяналт тавьдаг АТГ, Шүүхийн байгууллагууд улс төрийн нөлөөллөөр гэмт хэрэгтнийг хаацайлж байна хэмээн үзэж байгаагаа Ч.Долгормаа хэллээ.
 
Тэрбээр, “Б.Батбаярын эзэмшлийн олон компани байдаг. Тэдгээр компаниуд БХЯ-ны 300 албан хаагчийн орон сууцны барилга, ГХЯ-ны “Ёслол хүндэтгэлийн өргөө” зэрэг олон барилга, байгууламж барих тендерт шалгарч байсан. Гэвч дээрх барилгууд бүгд ашиглалтад ороогүй. 300 албан хаагчийн орон орон сууцны барилгын 10 тэрбум, “Ёслол хүндэтгэлийн өргөө” барих 4.2 тэрбум төгрөгийг 100 хувь авсан хэрнээ одоо төсвөөс өгсөн мөнгө хүрэхгүй байна гэсэн үг цухалзуулдаг болсон. Энэ  мэт төрийн мөнгийг хувьдаа завшиж байгаа Б.Батбаярт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” гэв.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг