sonin.mn
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр Баянзүрх дүүрэгт АН олонх болоод буй. Тус дүүргийн Сонгуулийн хорооноос олонх болсон АН-ын зарим гишүүдийг нэрсийн жагсаалтаас хасчээ. Энэ тухай Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа өчигдөр мэдээлэл хийв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Баянзүрх дүүргийн АН-ын зарим нэр дэвшигчийг хассан гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо дүүргийн АН-аас нэр дэвшсэн зургаан нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан хууль бус тогтоол гаргалаа. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.5.16, 159.3 дахь хэсгийг үндэслэн дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН-аас Баянзүрх дүүргийн тавдугаар тойрогт нэр дэвшигч Ш.Ганчимэгийг сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан тул нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассугай гэсэн байна.
 
Хоёрдугаарт, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Ш.Ганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. Гуравт, тогтоол батлагдсантай холбогдуулан нийтэд мэдээлэхийг Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга н.Мэндсайханд даалгасугай гэх тогтоолыг манай зургаан нэр дэвшигчийн нэр дээр үйлдсэн байна. Үүнийг бид Сонгуулийн тойргийн хорооны дарга н.Бат-Өлзий илтэд өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлэн тогтоол шийдвэр гаргасан гэж үзэж байна.
 
-Ямар үндэслэлээр тэр вэ?
 
-Тогтоолд Сонгуулийн тойргийн хорооны нарийн бичгийн дарга н.Мэндсайхан гарын үсэг зураагүй байсан. Мөн хуулиараа Сонгуулийн тухай хуулийн 159-д сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийг нэрийн жагсаалтаас хасч сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэсэн хэдий ч үүнд үндэслэл тогтоогдвол гэсэн үг бий.
 
Сонгуулийн тухай хуулийн 3.1.7-д сон­гуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсныг хэлнэ гээд заачихсан. Гэтэл ямар нэгэн байдлаар шүү­хийн шийдвэр гараагүй байхад нэр дэвшигчдийг хасчихлаа. Баянзүрх дүүрэгт 22:19-ийн харьцаатай АН ялсан. Тэгэхэд МАН-ын 19 хүнд түр үнэмлэхийг хууль бусаар өгчихсөн байгаа юм.
 
Хуульд аливаа маргаа­ныг шүүх шийдвэрлэнэ гээд заачихсан. Гэтэл шүүх шийдвэрээ гаргаагүй байтал ийм үйлдэл гаргасан. Хуулиар бол аливаа этгээд тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол мэдээллээ гаргана гэж байгаа. Цагдаагийн бай­гуул­лага өргөдөл гом­дол хүлээж аваад хянаж шалгаад шүүхэд шилжүүлэх ёстой. Шүүх шийдвэр гаргасны дараа Сонгуулийн тойргийн хороонд шийдвэрийг хүргүүлнэ. Тойргийн хороо шүүхийн шийдвэрийг үндэслээд нэр дэвшигчийг хасах эсэхийг шийдэх ёстой. Тойргийн хорооны үндсэн үүрэг сонгууль зохион байгуулах ёстой болохоос биш маргааныг таслах хүмүүс биш.
 
-АН-аас сонгогдсон гишүүд түр үнэмлэхээ авсан уу?
 
-Үгүй. Түр үнэмлэх гардах талаар манай нэр дэвшигчид битгий хэл МАН-ын нэр дэвшигчид ч мэдээгүй юм билээ. Хасагдах тогтоол гарсан тухай манай зургаан хүн ч мэдээгүй явна. Сонгуулийн тойргийн хороо илтэд МАН-ын талд ажиллаж Баянзүрх дүүрэгт төрийн эрхийг хууль бусаар авах оролдлогыг гаргаж байна. Гол асуудал нь Баянзүрхийн ард иргэд АН-д итгэл өгсөн. Ард иргэдийн саналаар АН олонх болчихоод байхад эрх бүхий этгээдүүд өөрсдийн албан тушаалаа ашиглаж сонгуулийн дүнг өөрчлөх зорилготой ноцтой үйлдлийг хийж байна.
 
-Та бүхэн энэ талаар холбогдох газарт хандав уу?
 
-Угаас Сонгуулийн тойргийн хорооны энэ шийдвэр хүчингүй. Дээр өгүүлсэн нарийн бич­гийн дарга буюу тойр­гийн хороонд ажиллаж байсан зарим гишүүн нь мэдээгүй байх жишээтэй. Хуйвалдааны аргаар ийм шийд­вэр гаргачихаад байна. Энэ нь өөрөө хүчин­гүй шийдвэр. Нарийн бичгийн дарга нь гарын үсэг зураагүй. Тогтоол бол дарга, нарийн бичгийн дарга хоёр хамт гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болох ёстой.
 
АН-аас нэр дэвшээд ялалт байгуулсан хүмүүс ямар ч мэдээлэлгүй байгаа. Тэгтэл МАН-ын 19 хүн бүгд мэдээлэл аваад дугаарлаж ороод түр үнэмлэхээ гард­чихаад байна. Сонгуулийн тойргийн хорооны дарга н.Бат-Өлзий гэгч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-аас сонгогдсон  н.Сүхбаатарын хамтаар түр үнэмлэхийг нь олгоод зогсч байгаа юм.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин