sonin.mn
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд энэ оны эхний арван сард 599391 дуудлага, мэдээлэл ирснээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 13680 дуудлага бүртгэгджээ.
 
Энэ нь нийт дуудлага, мэдээллийн 2.3 хувийг эзэлж байгаа аж. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд хүчирхийлэл, дарамтад байгаагаа өөрсдөө мэддэггүй байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг байна.
 
Тэд энэ талаар хуулийн байгууллагад тэр бүр мэдээлдэггүй, айл, гэр бүлийн хаалттай хаалганы цаана удаа дараа давтагдаж, хэн нэг нь гэмтэж бэртэх, амь нас нь хохирсон тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлж буй нь иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаарх мэдээлэл дутмаг байгаатай холбоотой аж.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь ажилгүйдэл, ядуурал, архидалттай холбоотойг тус газрынхан онцолж байна.
 
Гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, хүн бүр хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, таслан зогсоодог байх ухамсар дадал суулгах зорилгоор “Хонх дарж, хаалга тогшъё" хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их бүртгэгдсэн 27 хороог сонгон авч ийм хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлийг өөрчлөх сургалтад хамруулахаар болжээ.
 
Ер нь гэр бүлийн хүчирхийлэл юунаас болж үүсдэг, гэр бүл амгалан тайван байх талаар гэр бүл судлаач, сэтгэл судлаачийн байр суурийг сонслоо. 
 
Бие биеэ хүндэтгэх нь гэр бүл бат бөх байхын үндэс
 
-Гэр бүлийн хүчирхийлэлд хүргэдэг олон шалтгаан бий. Наад зах нь эхнэр нөхөр хоёр нэгнээ сонсоогүй, хүндэтгээгүйгээс болж гэр бүлд бухимдал, үл ойлголцол үүсдэг. Үл ойлголцол газар авах тусам бие биеэ ойлгохгүй хардах, улмаар гэр бүл салах эрсдэлд хүргэнэ. Тэгэхээр нэн түрүүнд хосууд нэг нэгнээ хүндэтгэж, аливаа зүйлд хүлээцтэй хандах ёстой.
 
Өөрөөр хэлбэл, бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж харилцан ойлголцож буулт хийхийг хүсдэггүй байдал нь маргааныг улам даамжруулдаг. Бас өнгөрсөн зүйлийг уучилж чаддаг байх ёстой. Хүн өнгөрсөнтэйгөө зууралдсаар байх юм бол гэр бүлийн бат бөх байдлыг алдагдуулахад хүргэнэ. Тиймээс гэр бүлээ бат бөх байлгая гэвэл хосууд нэг нэгнээ хүндэлж байх ёстой. Хүндлэл бол гэр бүл бат бөх, амгалан тайван байхын үндэс. Хүндэтгэнэ гэдэг нь нэг нэгнийхээ үгийг дуулгавартай сонсохоос эхэлдэг. 
 
Гэр бүл судлаач, профессор Т.Намжил
 
 
 
Амьдрах ухаанд суралцах хэрэгтэй
 
-Гэр бүлийн хүчирхийлэл ихэсч байгаа нь иргэдийн дунд гэр бүлийн боловсрол дутмаг байгаатай холбон үзэж болно. Өнөөгийн гэр бүлийг нийгмийн талаас нь авч үзвэл төрийн бодлого ихээхэн дутагдаж байна. Жишээлбэл, өнөөдөр аав, ээж болох залууст чиглэсэн амьдрах ухааны сургалтууд алга. Амьдрах ухааны сургалтад сууя гэхээр тэд эдийн засгийн боломжгүй байдаг. Тиймээс төр үүнийг харгалзан үзэж бодлого, хөтөлбөртөө тусгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр гэр бүл судлаач, сэтгэл зүйч мэргэжилтэн бэлтгэх  сургалтын бодлогод анхаарах шаардлагатай.
 
Өнөөдөр янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс өөрийгөө сэтгэл зүйч гэж сурталчлах нь элбэг болжээ. Ер нь амьдрах ухаанд суралцаагүй, эхнэр нөхөр, аав ээж болно гэж бэлтгэгдээгүй болохоор гэр бүлд үл ойлголцол бий болж, салах сарнихдаа тулдаг. Иймээс гэр бүлийн боловсролын суурь мэдлэгийг бүр хүүхэд байхаас нь суулгах хэрэгтэй. Амьдрах ухааны мэдлэгтэй болчихвол гэр бүлийн хүчирхийлэл, салалт эрс буурна. Гэр бүлийн боловсрол сайтай хүн хүчирхийлэл үйлдэхгүй гэдэг нь ойлгомжтой.
 
Сэтгэл судлаач Ц.Оюунбадам 
 
 
Б.Даариймаа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин