sonin.mn
Авлигатай тэмцэх газрын комиссарууд долоон багт хуваагдан орон нутгийг зориод байгаа. Мөрдөн байцаагч нар нь бол АТГ-ын байрандаа ажлаа хийгээд үлдсэн.
 
Явсан хэдийн нэг хэсгийг нь АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, нөгөө хэсгийг нь Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр болон АТГ-ын газар, хэлтсийн дарга нар ахалж яваа. АТГ-ынхан өмнө нь орон нутгийг хяналт шалгалтаар, соён гэгээрүүлэх чиглэлээр болон сургалтаар зорьдог байсан.
 
 Харин энэ удаагийнх өмнөхөөсөө  өөр, хөдөөгийн иргэдээс мэдээлэл цуглуулж байна.  Өнгөрсөн жилүүдэд орон нутагт хэн гээч албан тушаалтан төсвийн хөрөнгийг завшив, яаж эрх мэдлээ хэтрүүлэв, иргэдийг яаж хохироов гэдгээс авахуулаад шинэ засгийн өнгөн дээр ажил авсан дарга нар төрийн албан хаагчдыг яаж хольж, сольж байгааг иргэд АТГ-ынханд мэдэгдэх боломжтой.
 
Ялангуяа чөлөөт зах зээлийг дэмждэг манай улсад бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчид жижиг дунд үйлдвэрийг дэмжих, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө хаашаа явдаг, хэний хамаатан, найзад очдог, тендер яаж явдгийг  АТГ-т  мэдээлсээр байна.   АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрийн ахалсан ажлын хэсэг  Завханд 23-25-нд, Тосонцэнгэлд 27-28-нд ажиллана.  АТГ-ын нөгөө хэсэг Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Зүүнхараагийн иргэдтэй уулзжээ.  
 
АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууц албаны дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байгаа бол АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай, Хөвсгөл, Орхон аймгийнхантай уулзсан байна. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очирын ахалсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь, Төв аймагт , АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар ахалсан хэсэг  Өмнөговь, Өвөрхангай аймаг,  Хархорин суманд ажиллаж байгаа гэж АТГ-аас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг