sonin.mn
2016 оны эхний арван сарын байдлаар хүчирхийлэлтэй холбоотой 1066 гэмт хэрэг бүртгэгдсэнээс есөн хүн нас барж, 956 хүн гэмтсэн тоо байна. Гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй цогц бодлогоор яаралтай тэмцэх болсныг харуулна.
 
 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжих ёстой байсан ч хууль бүхлээрээ хэрэгжих боломжгүй гэж үзэн Засгийн газар хуулиа эргүүлэн татсан ч энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин өргөн барьсан. Энэ хуулийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм байна.  Одоогийн энэ хууль нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,  хүчирхийлэл  үйлдэж байгааг мэдээлдэггүй байсан. Хуулиндаа иргэн мэдээлэх эрх ч үгүй, үүрэг ч үгүй байсан. Тэгвэл шинэчилсэн найруулгаар иргэний эрх үүргийг нэмэгдүүлж, хүчирхийлэл үйлдэж байгааг мэдээлэх эрхтэй.
 
Хэрэв хүүхдийн эсрэг хүчирхийллийг  мэдэх юм бол заавал мэдээлэх үүрэгтэй.  Хэрэв мэдээлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг хамгаалах эрх, үүрэг нь төрийн байгууллагад буюу мэдээллийг хүлээн авсан этгээд хариуцна. Хэрэв мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг задруулсан бол Зөрчлийн тухай болон Төрийн албаны хуулиар шийтгэл онооно. Хамгаалах байр бол хохирогчийг хүлээж аваад 7-30 хоногийн хугацаанд байрлуулдаг. Хэрэв хохирогчийн асуудал нь хүнд хамгаалах байрнаас гараад амиа алдах эрсдэлтэй байна гэж үзвэл үргэлжлүүлээд гурван сарын хугацаанд байрлуулдаг. 
 
Олон улсын жишиг бол хамгаалах байрнаасаа гараад хэвийн амьдралдаа шилжих хүртлэх хугацаанд дамжих байр гэж байдаг. Манай улсад дамжих байр байдаг ч санхүүжилт байхгүй учраас үйл ажиллагаа нь зогссон байна. Дээрх хууль эдгээр доголдлыг арилгах боломжтой. Иргэд хүчирхийллийн хуулийг хурдан баталж хэрэгжүүлэхийг хүсч байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг