sonin.mn
Монголд сүүлийн 10 гаруй жилд “ Хар тамхи” хэмээх шинэ аюулын талаар олны анхаарлыг татсан асуудлууд ар араасаа хөврөх болсон.
 
Нийслэлд болон Эрдэнэт зэрэг төв суурин газрын хүүхэд, залуус энэ хэрэгт холбогдох нь эрс өсч, өнөөгийн нийгмийн хурц асуудал болоод байгааг яалтай билээ.
 
Хүний оюун ухааныг мансууруулах бодисын төрөлд багтах химийн аргаар нийлэгжүүлж гаргасан “ice” /айс/ буюу “мөс” хэмээгч нь төв мэдрэлийн системийг өдөөгч үйлчилгээтэй гэдгээрээ мансууруулах төрлийн ургамлаас хор хөнөөл нь илүү хүчтэй. Хэрэглэсэн хүн сэтгэцийн өвөрмөц үйлчлэлд татагдаж, маш богино хугацаанд донтож,  бие махбодь нь байнга нэхэж байдаг.
 
Амфетаминд донтсон хүн системтэй эмчилгээ хийлгэхгүй л бол аажмаар бие махбодь нь сульдаж, үхэлд хүргэх аюултай. Энэ бодисын хараат байдалд орсон хүн амфетаминаар дутагдсан үедээ түүнийг л олж авах цор ганц хүсэлд автаж, энэ зорилгоо биелүүлэхийн төлөө юу ч хийхээс буцдаггүй. Ямар ч эрүүл чийрэг биетэй хүн хэрэглэснээр аажмаар ядарсан царайтай болж, турж, арьс шаргалтаж, хумс салж унан, гарын судсандаа тарианы олон сорвитой болдог. Мөн хэл ягаарч, цагаан өнгөр тогтож нүүрний арьсанд идээт бижрүү гарч, шарх сорвины эдгэрэлт удааширдаг. Үс хэврэгшин, дуу хоолой сөөнгө болж хэл хагарч, хатууран, арьс нь хуурдаг. Турж эцэн, нойргүйтэх, ядаргаа стресст орох, байнга толгой өвдөх, хамар нармайн өвчин тусч улмаар хамрын таславч цоорох төдийгүй бэлгийн сулралтай болно.
 
Судасны хана хатуурч, цусны бөөмөнд бижрүү үүсч, тариа хийж хэрэглэдэг хүмүүсийн венийн судасны уртын хэмжээгээр цэгэн зам бүхий сорви тогтдог. Улмаар донтогчийн зан ааш хэрцгий түрэмгий болж, нүдний хараа, сонсгол нь төвлөрөхгүй, хэл яриа удааширч, цэгцтэй ярьж чадахгүй, ямар ч сэтгэл хөдлөлгүй болно. Сэтгэхүйн чадвар нь эрс доройтож, ойр ойрхон донтсоор улмаар тунг хэтрүүлэн хэрэглэх болсноор амь насаа алдахад хүргэдэг.
 
 
Ийм л аюулт тахалд өсвөр насныхан, залуу үеийнхэн гэнэн, сониуч зангаасаа болж өртдөг бөгөөд нэгэнт төлөвшсөн нас биед хүрсэн хүн энэ аюулд өртөх нь ховор юм. Өмнөд хөршөөс оруулж ирж байгаа энэ “мөс” мансууруулах бодис хамгийн аюултай гэдэг нь энэ бүхнээс тодорхой юм. Харин канабисын төрлийн ургамал нь үүнээс хүч нь хэд дахин сул хэдий ч бас л донтох өвчний эхний алхам болдог гэдгээрээ онцлогтой аж. 
 
Энэхүү нийгмийн хурц асуудлаар манай төрөөс хэрхэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар сонирхлоо. Мансууруулагч бодис агуулдаг ургамал нь манай орны Сэлэнгэ, Дархан Эрдэнэт, Төв аймаг зэрэг хойд бүсийн нутгаар ургадаг бөгөөд жил бүр төсвөөс мөнгө гаргаж устгал хийдэг байна. Канабис буюу олсны төрлийн энэ ургамал нь манай улсын нутаг дэвсгэр дээр 15 мянган га-д ургадаг гэсэн судалгаа бий.
 
Харин энэ жилийн хувьд манай оронд ургаж байгаа канабис буюу олсны төрлийн ургамлыг устгах ажил төсөв мөнгөгүйгээс хийгдээгүй байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт ч энэ төрлийн ургамал ургах болсон. Уг ургамал нь нэг наст ургамал болохоор үүнийг хэрэглэдэг хүмүүс үрийг нь энд тэнд цацчихаар дараа жил нь зөнгөөрөө ургадаг байна. Сүүлийн үед уг ургамал  Улаанбаатарын гуу, жалга бүхий газарт хогийн ургамал, халгайтай зэрэгцээд ургах болсон төдийгүй сургууль, цэцэрлэгийн хашаа, гэр хороолол, бүр байрны гадаа ч ургасан байх нь бий.
 
Хамгийн аюултай нь энэ ургамлын талаарх мэдээлэл интернэтэд нээлттэй байдаг. Өсвөр насны хүүхэд, залуучууд эндээс л канабис гэж ямар ургамал байдаг, ямар хэлбэр, дүрстэй, хаагуур ургадаг, яаж хэрэглэх талаар бүх мэдээлэл авах боломжтой аж. Мөн өнөөдөр худалдаанд зарагдаж байгаа малгай, футболк, оймсон дээр хүртэл канабисийн лого байж л байдаг, тэр байтугай хүүхэд залуусын дуртай хип хоп болон үглээ дуунд мансуурал донтолтын талаар үг хэллэг орчихсон дуулаад байгааг томчууд огт анзаардаггүй. Мэддэг ч асуудал болгодоггүй Энэ мэт мансуурах донг өөгшүүлсэн, боломж нөхцлийг нь олгоод байгаа олон хүчин зүйлс байгааг онцлон анхаарах учиртай.
 
 
Өнөөдөр манай улсын хэмжээнд энэ аюулаас сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй байгууллага гэвэл Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс юм. Тус хэлтэст нэг дарга, 5 орон тооны ажилтантай үүрэг гүйцэтгэж байгаа нь улс орны хэмжээнд авч үзэхэд үнэхээр хангалтгүй. Гэмт хэргийн гаралт нь дан шөнө дөлөөр гардаг. Ихэвчлэн баар цэнгээний газар, хаана шоу цэнгүүн болно тэнд гарна. Мөн үдэш, орой л хар тамхи, мансууруулагч бодис хэрэглэгч, борлуулагчид хаа нэгтэй болзож уулздаг. Шөнө болохоор донтогчийн нойр хулжиж, мансуурлын эрэлд гардаг. Тэд түүнийгээ хэрэглэж байж л сая санаа амарч, хүч тамир ордог гэж байгаа. Тэгэхээр энэ албаныхан дандаа шөнө, оройн цагаар ажиллаж байж л хэрэгтнийг газар дээр нь эд мөрийн баримттай нь илрүүлдэг. Ийм баримт, фактгүй бол хэрэг илрэхгүй байх нөхцөл бүрддэг байна.
 
Ингээд ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнуудын яриаг онцлон хүргэж байна. “Өнөөдөр дунд сургуулийн хүүхдүүд канабисийг сониуч зангаасаа болж, нэг нэгийгээ уруу татах байдлаар болон дам маягаар сүлжээ үүсгэж хэрэглэж үздэг байна. Тэд уг ургамалаа ороодог тамхи шиг болон янжуур тамхины оронд хийж татдаг, бас хуванцар сав, мөнгөлөг цаас ашиглах зэргээр янз бүрийн аргаар хэрэглэдэг. Мөн “Анданте” гэж ОХУ-д үйлдвэрлэсэн тайвшруулах, өвчин намдаах эмийг хэрэглэж донтох асуудал гарч байна.
 
Аптек, эмийн сангуудад уг эмийг хүнд өвчтэй хүнд эмчийн жороор олгодог юм. Канабис, олсны ургамлаас илүү их хүчтэй химийн гаралтай “мөс” буюу “айс” /ice/ гэж байна. Энэ нь химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан мөс шиг  талстлаг, цайвар цагаан өнгөтэй, том, жижиг, нунтаг янз бүрийн хэлбэртэй байдаг бодис юм. Канабисаас хэд дахин хүчтэй уг мөсийг монголчууд Хятадаас оруулж ирж байгаа. Үүний 1 грамм нь 350-400 мянган төгрөг бөгөөд энд авчирч байгаа хүмүүс нь тэндээс 80-100 мянгаар авдаг гэхээр өртөгөө 4 дахин нугалдаг байна.
 
 
Нийслэлд 20-35 насны тодорхой тооны залуус мөс хэрэглэж байгаа судалгаа бий. Харин одоогоор үүнийг хэрэглэгч орон нутагт илрээгүй. Мөсийг хэрэглэснээр мансуурч нэг хэсэгтээ бүжиглэх, цэнгэх хөгжим, дууны өндөр мэдрэмжтэй болж, өлсөхгүй, цангахгүй, ядрахгүй цуцахгүй, сэтгэл хөөрөлд автан их сайхан мэдрэмж төрж эрч хүчтэй болдог хэмээн донтогч залуус өөрсдөө хэлдэг юм.
 
Иймд залуус бие биенээсээ мэдээлэл авч эхлээд сонирхон хэрэглэж үздэг. Улмаар дахин хэрэглэхийг хүсч донтдог. Манай албанаас ЕБС-иудад мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар урьдчилан сэргийлэх яриа сургалт, сурталчилгааг жилийн ажлын хөтөлбөртөө оруулдаг. Монгол Улсын хуулинд ЕБС-д мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх заалт байдаг ч амьдрал дээр огт хэрэгжихгүй байна. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгайлан орно гэж байхад ганц ч сургуульд ордоггүй. Уг нь ийм хичээл орсноор энэ аюулаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой” хэмээн онцолж байлаа.
 
Хар тамхитай тэмцэх хэлтэс /ХТТХ/-ийн ажилтнуудын хэрэг илрүүлэлтийн үр дүн, ажлын явцаас үзэхэд, уг хэрэгт холбогдогч этгээд нь гадаадад биеэ үнэлдэг, хулгай хийдэг, хар тамхинд  мансуурдаг байсан залуус эх орондоо ирээд мөс борлуулагч болж байна. Тэд мөсөө өөрсдөө хэрэглэж, бас борлуулж ашиг олдог. Өнөөдөр баян чинээлэг хүмүүс л мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн буруу ойлголт байдаг. Харин ч орлого багатай хүмүүс их хэрэглэж байгаа, ер нь аль ч давхаргын хүмүүсээс донтох,  мансуурах, борлуулах, хадгалах, тээвэрлэх, дамжуулах гэмт хэргийг үйлдэж байгаа юм.
 
ХТТХ-тэй хамтран МҮОНТВ мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нэвтрүүлэг хийсэн байна. Мөн Монгол Эйч Ди болон Ийгл ТВ-ээр жилдээ 1-2 удаа тусгай нэвтрүүлэг гаргадаг гэж байгаа. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай улсад ажилладаг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах  нийгэмлэг гэж ганц л ТББ байдаг. Урьдчилан сэргийлэх ажын цар хүрээ өнөөдөр ийм л төвшинд байна.
 
 
Харин өнөөдөр албан бусаар манай улсад мансууруулах донтой 15 мянга орчим хүн байдаг гэсэн судалгаа бий. Тэднээс ТББ-тай уулзаад явдаг хүмүүс ч байдаг. ХТТХ-ийн бас нэгэн бэрхшээл нь манай улсын хуулийн цоорхой гэж байгаа. Монгол Улс НҮБ-ын Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай 1971 оны конвенцид 1999 онд нэгдсэн бол Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисуудын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын1988 оны конвенцид 2001 онд тус тус нэгдсэн байдаг. Харин Монгол Улсын Эрүүгийн хуулинд хэрэглэсэн гэдэг үг л байдаг бөгөөд олж авах, хадгалах, зарж борлуулах гэсэн заалт байхгүй нь хэрэгт холбогдогчийг шүүх дээр хэрэгсэхгүй болгодог. Тухайн хүний дотоод, сэтгэл санааг олж мэдэх гэдэг үнэхээр том цогц асуудал болохоор олон баримт, нотолгоо чухал. Энэ мэт нэгдсэн ойлголт байдаггүй. Харин хэрэглэнэ гэдэгт одооноос л олж авах, хадгалах, зарах гэсэн утга орж байгаа гэсэн тайлбар оруулж хэргийг шийдвэрлэх болжээ.
 
Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгч этгээдийн хэрэг илрүүлэлтийн хувьд хил гааль дээр баривчлах нь захиалагч, хэрэглэгч болон цаад гол сүлжээг нь илрүүлэх боломж, гарцыг хааж орхидог. Ийм нарийн төвөгтэй асуудлууд дээр хуульд цоорхой гардаг. Хилийн чанадад үйлдэгдсэн бол тухайн улсаас хэргийн талаар мэдээлэл авахад ч бэрхшээл тулгардаг байна. Энэ мэт асуудлаас болж хэрэг шийдэгдэхгүй олон сар үргэлжилж чирэгдэл учирдаг.
 
Монгол Улс цөөхөн хүн амтай, хоёр том гүрний дунд оршдог зэрэг нь Үндэсний аюулгүй байдалд харш аюултай нөхцлийг үүсгэж болзошгүй юм. Иймд төрөөс тодорхой анхаарал хандуулж гадаад харилцааг улам өргөжүүлж, нээлттэй мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж өгөх шаардлага зайлшгүй байгаа гэж болно.
 
Монголд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Сүүлийн гурван жилд гэхэд л 2014 онд энэ гэмт хэрэгт 132 хүн холбогдож, 65 хэрэг шийтгэгдсэн бол 2015 онд хэрэгт холбогдогч 13 хувиар өсч, шийтгэгдсэн хэрэг 20 хувиар өссөн байна. Харин 2016 оны 10 сарын байдлаар хэрэгт холбогдогч өмнөх жилээс 2 дахин өсч, гэмт хэргийн гаралт 50 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байх жишээтэй. Хэрэгт холбогдож, шийтгэгдсэн хүмүүс дахин давтан гэмт хэрэг үйлдэх тохиолдол их гардаг байна. Хар тамхины хэрэгт шийтгэгдсэн хүн Монгол Улсын хуулиар 3 сараас 1 жил, цаашлаад 3-5 жилийн хорих ялаар шийтгэгддэг, дээд тал нь 15 жил хүртэл хорих ял оноодог.
 
Дэлхийн бусад улс орнуудын туршлагаас үзэхэд, хар тамхитай тэмцэхдээ хязгаарлах, хэрэглээг багасгах, эрэлт хэрэгцээг бууруулах гэсэн гурван үндсэн аргаар тэмцдэг байна. Манайд Эрүүгийн цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтэс нь хязгаарлах ажлыг сайн хийдэг. Харин  урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй байгаа юм. Энэ нь санхүүжилт, нэгдсэн бодлого байхгүйтэй шууд холбоотой. Урьдчилан сэргийлэх үйлсэд үе тэнгийн сурагч, өсвөр үеийнхний өөрсдийнх нь оролцоог дэмжин хэрэгжүүлэх боломжтой.
 
Эцэст нь онцлоход, Мансууруулах төрлийн ургамлыг ерөнхийд нь канабис гэдэг бөгөөд дотроо олон янз байдаг. Зарим нь тамхинаас ч бага донтуулдаг бол бидний татдаг тамхи, зооглодог архи нь унд, хоол шиг дадал, хэвшил болж маш хүчтэй донтуулдаг. Энэ мэт ялгаа, онцлогийг нь харгалзаж хуулинд нарийн тусгах ёстой. Хамгийн гол нь уг бэлдмэлийг хэрэглэсэн нь бус зарсан нь гэмт хэрэгтэн бөгөөд иргэдэд дамлан худалдаж мөнгө олдог гэдгийг дэлхийн олонхи улс орнууд хүлээн зөвшөөрч хатуу шийтгэл оногдуулдаг. Харин донтсон хүн түүнийгээ олохын төлөө яахаас ч буцахгүй болж, мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлддэг. Ялангуяа химийн гаралтай бэлдмэлийг судсаар тариад эхэлбэл тухайн хэрэглэгч үхлийг сонгосон хэрэг юм. Иймд хүссэн, хүсээгүй биднийг зорьж ирж байгаа аюулын өөдөөс урьдчилан сэргийлсэн ухаалаг хууль гаргаад хүлээж байх нь чухал болов уу.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг