sonin.mn
НҮБ Хойд Солонгост тавих хоригоо чангаруулсны зэрэгцээ, Хойд Солонгостой хамтран ажилласан улсуудад бас хориг тавина гэжээ. Тийнхүү хамтран ажилладаг улсуудын тоонд манайхыг дурдсан байна. Урьд Хойд Солонгосын боолчлолыг дэмжихээ боль гэж сануулга өгсөн ч, удирдагчид маань тоогоогүй.
 
НҮБ-ын бүхий хоригийг зөрчин, Хойд Солонгосын томоохон итгэлт холбоотон болсон учир Монгол улсыг хоригонд оруулах шийдвэрийг НҮБ гаргах нь ойрхон болоод байна. Үүнд, Хойд Солонгостой улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухаан гээд бүх талаар дэмжиж хамтран ажилласан гэж буруудах нь ээ. Хойд Солонгосын боолчлолыг дэмжиж, боолуудыг нь авч олноор ажиллуулдаг байсан гэж дэлхий нийтэд мэдэгдчихээд байгаа. Манай томоохон компаниуд боолчлолыг ашигласан гэж хар дансанд орох магадтай болжээ.
 
Одоо бүр ингэхдээ л тулж дээ, тэнэг удирдагчдын балгаар. Аль 90-ээд оноос л Хойд Солонгостой хамтран ажиллана гээд улс төрийн томчууд маань хөөрсөн. “Энэ Монголыг Хойд Солонгос шиг болгож аваад эрхэндээ бүрэн оруулъя” гэсэн харийн даалгавар захиалга ч бас үүнд нөлөөлсөн шиг. Аргаа барсан Хойд Солонгос нь гадаадын төрөл бүрийн хууль бус үйлдэлд үйлчилж чамгүй ашиг олдог. Манайхны хөрөнгө мөнгө ч тэнд ихээр дараастай байгаа болов уу.
 
Хойд Солонгост нууцаар уран нийлүүлдэг гэх хардлага бий. Эвэртэн туурайтнууд маань тувтан Хойд Солонгос руу гүйж байдаг. Тэнд валют доллар олохын тулд олон нууц тансаг цэнгээн үүсгэсэн байдгийг эдлэн жаргадаг.
 
Барууны улсуудыг, ер нь дэлхийн улсуудыг харийн коммунист үзэл суртлаар харааж зүхэн, өрөвдөхөд өр өшиглөнө гэгчээр тусалж дэмжсэн бүх улсаа үзэн ядаад сэтгэлийг нь хөргөчихсөн.
 
Саяхан Байгаль нуур, Буриадыг хатаах түмэн УЦС барина гэж харь гүрэнтэй эвсэн, Путинтэй баахан үзээд дийлдэн, Путин Хятад, Дэлхийн Банкийг зэмлэн байж, УЦС-д олгох санхүүжилтийг болиулсан. Үр дүнд нь Оростой муудалцаж авлаа. Өмнө нь ч, маш олон асуудлаар Оросыг үндэслэлгүй буруутган дайрч давшилж байсан байдаг. 90-ээд оноос эхэлсэн хүйтэн дайны логик төгсгөл энэ. Одоо бусад улсуудаас УЦС барих мөнгө зээлнэ, дайнаа үргэлжлүүлнэ гэж томорч байсан, Хойд Солонгосын холбоотон гээд НҮБ-ын хорионд орчихвол хэн мөнгө зээлэх юм?
 
МАНАН Хятадын зээл бүтэхэд тустай ном уншуулна, Монголыг балчир Богдын нэрээр хязгааргүй мунхруулан дарлахад ашиглана гэж Далай ламыг уриад Хятад агаатайгаа муудчихсан.
 
Одоо ямар гадаад харилцаа бидэнд үлдэж вэ? “Манайхыг устгана, булшилна гэдэг, пуужин харвана гэдэг Хойд Солонгостой хамгийн сайн найз биз дээ, Хойд Солонгосоороо туслуулахгүй юу” гэж өөдөөс хэлнэ шүү дээ.
 
Ай даа тэнэг хүмүүсийг сонгоод л байдаг, шүтээд л байдаг. Тэнэг хүмүүс гэдэг чинь ийм тэнэг л юм хийдэг юм аа. Тэнэг юм чинь өөр яах юм бэ? Зөндөө сайхан хулгай хийгээд, эх орноо зараад хагартлаа баяжаад сэргэлэн цовоо яваа, чадаж байгаа юманд арга байхгүй улсыг сонгохгүй яах юм гэх байх. Сэргэлэндээ биш, юу ч ойлгохгүй, юу ч мэдэхгүй тэнэгтээ л тэр урвасан хулгай нар тийм нүгэл үйлдэж явдаг юм шүү дээ...
 
...Гэтэл дарангуйлагчид маань Хойд Солонгос л манай эдийн засгийн аврал болно, НҮБ-ын хоригт орсон юм болгоныг хийгээд байя, экспортлоод байя гэж ухуулж эхэлж байна даа. Хойд Солонгосоос өөр юу ч үлдээгээгүй юм чинь арга ч үгүй юм болов уу даа?
 
Ч.Мөнхбаяр