ЛОНДОН. /ВВС/. Хас тэмдэгтэй дээл өмсч тайзан дээр гарсных нь дараа Монголын алдартай дуучныг Оросын нэгэн дипломатч ухаан алдтал нь зоджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан дуучин залуугийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
 
С.Амармандах  өнгөрсөн сард нийслэл Улаанбаатар хотод нэгэн арга хэмжээнд оролцсоныхоо дараа бусдад зодуулсан байна.
 
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, дуучны толгойн тус газарт нь архины шилээр цохиж, дараа нь нүүр рүү нь нэг бус удаа цохисон аж.
 
Дуучин залуу хас тэмдэг бүхий улаан дээлтэй тайзан дээр гарсан гэнэ.
 
Хас тэмдгийг нацистуудтай холбож ойлгох нь түгээмэл байдаг. Гэхдээ энэ тэмдэг  бол монголчуудын хувьд үндэсний хээ угалзнуудынх нь нэг ажээ.
 
С.Амармандахын эцэг болох С.Сүхбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “миний хүү зодуулснаас хойш  10 хоног ухаангүй байсан” гээд  “нүүр рүү нь олон удаа цохин миний хүүг ноцтой гэмтээсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан” гэжээ.
 
Хас тэмдэг нацистуудтай холбоогүй болохыг онцлон  тэмлэглэхийн тулд С.Сүхбаатар гуай “Монголын хээ угалз” гэсэн номыг хэвлэлийн бага хурал дээр авчирсан байв.
 
Оросын дипломатч өөрийнхөө хувийн үзлийн улмаас хүүд нь халдсан гэж тэрбээр үзэж байна.
 
ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд “энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээнд гарсан мэдээллийг бид шалгаж байна” гэжээ.
 
Дэлхийн II дайны үед нацист германчуудтай байлдах үеэр  Зөвлөлтийн хэдэн арван сая иргэн амиа алдаж байсан билээ.
 
Мөнх оршихын бэлгэдэл
 
Хас тэмдгийг хэдэн мянган жилийн тэртээгээс Энэтхэгээс гаралтай гэж үздэг бөгөөд Гуравдугаар Рейх буюу Нацист Германаас ч өмнө монголчууд “урт нас, үүрдийн аз жаргал, мөнхийн бэлгэдэл” болсон төгсгөлгүй үргэлжлэх түмэн наст хээ буюу хас хээг ашигладаг байжээ.
 
“Хар сарнай” хамтлагийн ахлагч болох С.Амармандах буюу Амраа нь тайзан дээр гарахдаа байнга хас хээтэй хувцсаар гоёдог бөгөөд тэрбээр Монголын түүх, соёлын тухай дуунууд голдуу дуулдаг юм.
 
Гэхдээ Монголд хэт барууны үзэлт зарим хөдөлгөөнийнхөн хас тэмдгийг ашигладаг.
 
Шоуны үеэр “Hi, Hitler” гэж С.Амармандах хэлсэн гэх мэдээллийг түүний өмгөөлөгч, эцэг  болон хамтлагийн гишүүн нь эрс үгүйсгэн няцаасан байна.
 
Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаярын хэлснээр, сэжигтнийг саатуулаагүй байгаа аж. Сэжигтнийг дипломат халдашгүй дархан эрхээс үл хамааран Монголын хуулийн дагуу шалгах хэрэгтэй гэж өмгөөлөгч хэлжээ.
 
Харин ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа. Сэжигтэн нь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан. Дилломат халдашгүй дархан эрхийн улмаас сэжигтнийг баривчлахгүй байгаа гэсэн мэлээлэл худал” гэлээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг