sonin.mn
Дэлхийн хөгжилтэй орнууд улсын дотоод аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох хүүхдийн аюулгүй байдлыг хангахад түлхүү анхаарал тавьж тэдний сэтгэцийн эмгэгийг илрүүлэх олон тооны судалгаа хийж төсөл хэрэгжүүлдэг нь анхаарал татсан билээ.
 
“Сэтгэц өвдвөл бие өвдөнө, бие өвдвөл сэтгэц өвдөнө. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60% нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэх бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85,7% нь сэтгэцээсээ болж өвдсөн байх юм.
 
Сэтгэцийн эрүүл мэнд гэсэн ойлголтод маш өргөн хүрээний асуудлууд багтаж хүнийг сэтгэцийнх нь хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж 3 ангилж авч үздэг байна. Гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, архидалт, хардалт, хүүхдийн буруу хүмүүжил зэрэг олон хүчин зүйлсээс болж хүн хоорондын болон хүний дотоод будлиан, бухимдал, стресс, тайван биш байдал, сэтгэл зовох зэрэг сэтгэл зүйн өөрчлөлтүүд үүсэх нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал”.
 
Даяарчлагдан нийгэмшиж байгаа өнөө үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байгаа бөгөөд тэр дундаа сэтгэцийн тулгамдсан асуудал нь нийгмийн эмзэг сэдэв болон хувираад байна. Нийт хүн амын 51% нь сэтгэцийн хувьд эрүүл байдаг бол 46% нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, үлдсэн 3% нь сэтгэцийн илэрхий эмгэгтэй байдаг аж. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 30% нь сэтгэцийн эмгэгтэй болох магадлал өндөр байдаг байхад үлдсэн 70% нь хэвийн байдалдаа ордог гэх ч эцэг эхийн аль нэг нь ийм өвчтэй хүүхдүүдийн 15-20%, хоёулаа бол 50-70% нь өвчтэй байдаг гэж гадаадын эмч судлаачид аль хэдийн судлаад гаргажээ.
 
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Баярмаа: ...2013 онд 11 аймаг, нийслэлийн таван дүүргийн 15 мянган хүнийг хамарсан сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар тэдний 10-18 хувь нь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгтэй гэж тогтоогдсон байдаг.
 
Энэ нь манай улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу зонхилон тохиолдох сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон байна гэсэн үг. Энэхүү зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгт архинд донтох, сэтгэл гутрал, түгших, биеийн хэлбэрийн эмгэг буюу тайлбарлаж боломгүй зовиур, архаг ядаргаа, мэдрэл сульдалт зэрэг эмгэгүүд багтдаг гэж тодорхойлсон бол 3, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн тасгийн эрхлэгч, их эмч: Манай тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тухайлбал, энэ сарыг дуустал хэвтэн эмчлүүлэх очер бичээд дуусчихсан байна. Нийгмийн стресстэй холбоотойгоор эмчлүүлэх хүний тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа гэжээ.
 
Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг: ...гэр бүлийн гишүүдийн дунд үл ойлголцол үүсч, үүнээс улбаалан харилцааны нийтлэг зөрчил үүсдэг. Энэхүү үл ойлголцол нь даамжирвал хэрүүл маргаан, цаашлаад гэр бүл салалтад хүрч, хүүхэд өнчрөх асуудал гарна. Гэхдээ манай төвд шууд ирсэн хүнд зөвлөгөө өгдөггүй. Заавал утсаар цаг авч, бүртгүүлсэн тохиолдолд нь зөвлөгөө өгдөг гэсэн ба үйлчилгээ төлбөртэй зэрэг нь хүндрэл үүсгэдэг байх боломжтой .
Ишлэлүүдээс харахад сэтгэцийн тулгамдсан асуудлыг зөвхөн нийгмийн эрүүл мэндийн эмзэг сэдэв мэтээр харж өвчлөлийн тархалтын тандалтыг илүүтэйгээр судалсан ч шалтгаан нөхцөл, үр дагаврыг хөндсөн судалгаанууд, түүний эсрэг авч хэрэгжүүлж байгаа улсын чанартай ажил ховор байна.
 
Өнөөдөр, Монгол Улсын хэмжээнд Сэтгэцийн эмгэгийн нэг эмнэлэг, түүнд хүүхдийн тасаг нэг байгаа бөгөөд жилд 300 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлж,  оношлогддог ч сэтгэцийн 2 туйлт эмгэгийн /bifolar disorder, биполярное расстройство/ оношлогоо, эмчилгээний талаар Монгол , Улсад хийгдсэн судалгаа ганц байгаа бөгөөд Т.Ганцэцэг нарын энэхүү судалгаа нь эмнэлэгт суурилсан зорилготой түүвэрлэлтийн загварыг ашигласан ретроспектив судалгаа бөгөөд тэд уг судалгаандаа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн клиникийн тасгуудыг түшиглэж 2011 оны 12-р сараас 2012 оны 12-р cap хүртэлх хугацаанд сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг оноштой нийт 133 үйлчлүүлэгчийг хамруулж оношлогооны шалгууруудын дагуу сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэгийг оношилж баталгаажуулж:
 
1. Хоёр туйлт эмгэгийн эмнэлзүйн хэлбэрүүдээс солиорлын шинж тэмдэгтэй гүнзгий сэтгэл гутрал бүхий (F31.5) хоёр туйлт эмгэг, холимог шинж тэмдэг бүхий (F31.6) хоёр туйлт эмгэгтэй өвчтөн бусад хэлбэрүүдээсээ илүү эмнэлгийн тусламж авахаар хандаж байна.
 
2. Манай улсын хувьд хоёр туйлт эмгэгтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтсэн дундаж тоо, дундаж ор хоног нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь өвчтнүүд болон ар гэрийнхний хоёр туйлт эмгэгийн талаарх мэдлэг хомс, эмчийн зөвлөсөн эмийг гэрээр уухгүй эмчилгээний дэглэм барьдаггүй зэрэгтэй холбоотой байж болох талтай байна.
 
3. Оношлогоо эмчилгээний хожимдол их байгаа нь нэгдүгээрт иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, хувь хүний шашинд итгэх итгэл үнэмшил өндөр байгаатай холбоотой байж болох юм. Нөгөө талаас сэтгэцийн мэргэжлийн эмчээс бусад эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгийн талаарх мэдлэг хомс байгааг харууллаа гэсэн тодорхойлолт гаргасан боловч хүүхдийн чиглэлээр хийгдсэн ажиллагаанууд огтоос дурдагдаагүй байх юм.
Энэ өвчний талаар судлахад доорх шинж тэмдгүүд илрэх бөгөөд аль нэг нь илэрсэн тохиолдолд холбогдох газар хандах
 
- Түргэн яриа, хэллэг, ярианы сэдвээ хурдан, өөрчлөдөг тул хамтрагч нь бодлоо хянаж амжихгүй байх, хөдөлгөөний тайван бус байдал илрэх, эмоцийн /сэтгэл хөдлөл/ тогтворгүй байдал, хөгжилтэй байдлаас уйлахад шилжихээс гадна янз бүрийн хортой бодол, хий үзэгдэл илрэх;
 
- Хар тамхи хэрэглэх, эсвэл өөр зүйлд дурлаж дааврын эм бэлдмэл уух;
- 2 туйлт эмгэг нь хөөрлөөс депресс рүү, депрессээс солиорол руу шилжих зэрэг янз бүрээр илрэх;
- Залхуурах, гөлрөх байдал илрэх;
- Уйтгар гуниггай болох;
- Унтаа байдал;
- Биеийн эмгэг, өвчин хууч хөдлөх;
- Түгшүүр бий болох;
- Гөжүүдлэх;
- Сэтгэл байнга тавгүй байх;
- Биеэ авч явах соёлгүй байх шинж илэрдэг бол солиорлын үедээ:
Бүтээлч байдалтай болох,
Эрч хүчтэй болох,
Нойргүй болох,
 
Яриа болох, харилцаа тогтоох өндөр чадамжтай болох;
- Мөнгийг үр дүнгүйгээр үрэх;
- Хар тамхи, архи хэрэглэх, газ, цавуу, ацетон гэх мэтийг үнэрлэх;
- Орчин тойрон, дэлхий ертөнцийг таашаахад өөрчлөлт орох;
- Аймшигт бодол санаа төрөх;
- Сургууль завсардах;
- Гадуур тэнэх;
- Биеэ үнэлэх;
- Амиа хорлох шинж тэмдэг хамгийн ихээр илрэх зэрэг шинж тэмдгүүд илрэн гардаг байна.
 
Судлаач миний бие АНУ болон БНХАУ-ын жишээг судлах явцдаа уг өвчний шинж тэмдгүүдийг эрт илрүүлэн эмчлэх, урьдчилан сэргийлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр хүүхдийн гэмт явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзлээ. 
 
/Жич: Хүүхдийн гэмт явдал, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Төрийн байгууллагуудаас янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа ч уг урхаг-“шалтгаан байгаа” гэдгийг эрж хайх ёстой, тухайлбал цахим тоглоомын газруудтай хийх ил” тэмцэл ч дэлгэцийн донтолтын эсрэг“эмчилгээ” биш байж мэдэх юм/.
Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст сэтгэцийн эмчийн ба сэтгэл зүйчийн тусламж зайлшгүй шаардлагатай байдаг байна.
 
Цаашид:
 
- Сургуулиуд болон өрхийн эмнэлгүүдэд мэргэжлийн сэтгэлзүйч-эмч ажиллуулах
- Цагдаа, эмнэлэг, сэтгэл судлаачийн хамтарсан баг ажиллуулж өвчнийг эрт илрүүлэн, оношлох, холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах
-Хүүхдийн аюулгүй байдлыг ханган эрсдлээс хамгаалах арга зүй боловсруулах
- Гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэн эрсдлийн индексийг тогтоон урьдчилан сэргийлэх
 
- Гэмт хэрэгт холбогдсон болон хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүүхэдтэй ажиллахдаа юуны өмнө сэтгэцийн байдлыг үнэн зөв тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээ авах /цагдаа, эмч, багш, олон нийтийн цагдаа, эцэг, эхийн төлөөлөл гэх мэт/
- Багш, эцэг эхчүүд, эмч нарын дунд энэ өвчин-хүүхдийн зан байдалд гарах өөрчлөлтийн талаар сургалт явуулах
- Тухайн хүүхдэд сэргээн засах эмчилгээ хийх, хувь хүний сургалт зохион байгуулах
- “Хүүхэд, залуучууд хар тамхины эсрэг" гэх мэт арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулах
- Цавуу, газ гэх мэт хортой бодисуудыг зарж борлуулдаг дэлгүүрүүдийн эздэд тайлбар, таниулга хийх
- Монгол Улсад хэрэглэж буй эм бэлдмэл бусад орнуудад эмийн жороос хасагдсан тул шинэчлэх
- Насанд хүрээгүй хүмүүст сэтгэцийн дээр дурдсан шинжээс аль нэг нь байгаа тохиолдолд эцэг, эх, багш нар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж сэргээн засах арга хэмжээ заавал авч байх
 
- Эцэг, эх, багш нар онош тогтоогдсон хүүхдэд эм бэлдмэлийг тогтмол хэрэглэхэд нь хяналт тавьж нийгмийн харилцаанд ороход нь дэмжлэг үзүүлж байх, хүүхдээ сэтгэл заслын эмчилгээнд хамруулах зэрэг болно. /БНХАУ-д энэ чиглэлийн хүүхдийн эрдэм шинжилгээний сувилал ажиллаж байна/
Энэхүү өгүүллийг хүүхдийн гэмт явдал, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийг гол санаагаа болгож бичлээ, харин насанд хүрсэн хүмүүсийн өвчлөл гэмт явдал, гэмт хэрэгтэй холбогдох асуудлыг нээлттэй үлдээсэн болно.
 
1 Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сайт
2 DBSA Bipolar Disorder Statistics
3 Монголын мэдээ.
2015 оны 11 сарын 18
4 Монголын мэдээ.
2015 оны 11 сарын 18
5 Монголын мэдээ.
2015 оны 11 сарын 18
6 https://www.israclinic.com/
 
 
Цэрэнбадмын Наранчимэг
Ph.D, Цагдаагийн дэд хурандаа