sonin.mn
ДАЛЛЕС. /fox5dc/. АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд Вашингтон хотын Даллесын олон улсын нисэх онгоцны буудалд зорчигчдын тээшнээс санаанд оромгүй олон зүйлсийг хураах болжээ.
 
Тэдний хураасан зүйлүүдийн дотор түлэгдсэн сармагчин, бүрэн чанаж болгосон тахианы махан дотор нуусан хар тамхи, Африкийн аварга том газрын дун гээд янз бүрийн зүйл байдаг.
 
Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 29-нд гаалийн албаныхан адууны засаа болон адууны мах хураан авчээ. Тэд Монголын хоёр иргэний тээшнээс ундааны саванд хийсэн 19 кг адууны мах, 6 кг засаа хураан авсан байна.
 
Хоёр зорчигч эмэгтэйн нэг нь ярихдаа “эдгээрийг эмчилгээний зорилгоор ашиглахаар авч явж байсан” гэжээ. Албаны хүмүүс мөн 3 л сарлагийн сүү хураан авсан байна.
Тухайн улс орон болон холбогдох газраас гарал үүслийг нь нотлох тусгай бичиг байхгүй бол адууны махыг АНУ-ын хилээр оруулахыг хориглосон байдаг.
Авч явсан хүнсний зүйлсийг нь устгаж, хоёр зорчигчийг шийтгэлгүйгээр явуулжээ.
 
АНУ руу юуг нэвтрүүлж болох, юуг нэвтрүүлж болохгүй вэ гэдгийг мэдэхийн тулд CBP’s Travel цахим хуудсанд зочлохыг бүх зорчигчдод зөвлөж байна. /2017.02.16/
 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг