sonin.mn
Монгол Улсын иргэн, 38 настай Д.Довчин гэгч ХБНГУ-ын Лейпциг хотноо хоёр монгол эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэмээн гадаад дотоодын хэвлэлүүдээр бичиж буй.
 
Тодруулбал, тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр, "Өнгөрсөн сарын 27-ны өдрийн даваа гаригт Монгол Улсын иргэн Д.Довчин гэгч 43 настай Марии, 40 настай Анжа нарыг мөчлөн хөнөөсөн" хэмээн бичиж байгаа юм.
 
Эл асуудлыг Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодруулахад, "Аливаа гэмт хэрэгт Монгол Улсын иргэн холбогдсон тохиолдолд тухайн цагдаагийн байгууллага уг иргэнийг саатуулсан тухайгаа Элчин сайдын яаманд мэдэгдэх үүрэгтэй.
 
Энэ нь Дипломат харилцааны тухай, Консулын харилцааны тухай Венийн конвенциор зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, гадны ямар нэг иргэн саатуулагдсан тохиолдолд шуурхай мэдэгддэг. Энэ гэмт хэргийн тухайд одоогоор Берлин дэх Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдээлэл ирүүлээгүй" гэсэн тайлбарыг өглөө.
 
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг