sonin.mn
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор хоёрдугаар сарын 22-ны өдөр баривчилж, цагдан хорих 461-р ангид саатуулсан билээ.
 
Тэднийг сэжигтнээр тооцон түр саатуулах хуулийн хугацаа өнөөдөр /2017.03.07/ дуусгавар болж буй. Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Гарамгайбаатар, Н.Батбаярыг суллах шийдвэр гаргалаа.
 
Нийслэлийн Прокурорын газраас Н.Батбаярыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих саналыг гаргасан байна. Прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр цаг орчим хэлэлцэж, Н.Батбаярын биеийн байдлыг харгалзан прокурорын саналыг түдгэлзүүлжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр суллагдаж байгаа юм. Б.Гарамгайбаатарын биеийн байдлыг харгалзан үзэж, нийслэлийн Прокурорын газраас өчигдөр суллах санал гарган Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, Х.Идэр шүүгч саналыг хянан суллах захирамж гаргасан юм. 
 
Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавина хэмээн Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй юм.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг