sonin.mn
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногт Төв аймгийн Замын тасгийн хамт олон шуурхай ажиллаж цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандах Баянчандмань сумын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа Баянгол дүүргийн хоёрдугаар хэсгээс эрэн сурвалжлагдаж байгаа оргодол П-ээг саатуулж харьяалагдах хэлтсийн дагуу хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ариунзаяад хүлээлгэн өгчээ.
 
Түүнчлэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Гацуурт” ХХК-нийн уурхай дээр байрлах кантенериас иргэн Л нь бусадтай бүлэглэн портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 200л түлш, 200 л бензин, масло гидрийн шингэн, товууд зэрэг тос тослогоо материал хулгайлан явж байсныг Цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Алтанхуяг, М.Энхбаатар нар илрүүлж шуурхай ажилласан байна.
 
Мөн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Мягмархишиг, цагдаагийн ахлах ахлагч Э.Сүхбаатар нар  Борнуур суманд хоёр хөлөө машинд дайруулсан хүнийг эмнэлэгт хүргэж өгсний дээр, ослын газраас зугтсан этгээдийг илрүүлэн ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад гар бие оролцож үүргээ нэр төртэй биелүүлсэн шуурхай ажилласан байна.
 
Энэ долоо хоногт Төв аймгийн Замын Цагдаагийн тасгаас 7427 тээврийн хэрэгсэлд шалгалт хийж 1336 зөрчил илрүүлсэн нь өмнөх долоо хоногоос 39.4 хувиар өссөн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авсан бол хурд хэтрүүлсэн 135 жолоочид зохих арга хэмжээг авчээ.
 
Т.Есүхэйтөмөр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг