sonin.mn
Төсвийн тодотголоо баталчихлаа. Нэмэхээр сэтгэл шулуудсан татваруудаа өсгөж, хүүхдийн мөнгийг хугаслахаа ч алхаар цохиод бандан тас болгочихлоо. Юутай ч Олон улсын валютын сангийн хөтөлбөрийнхний тулгасан болзлыг өнөөгийн Засгийн газар хэрэгжүүлж, УИХ баталгаажуулчихлаа. 
Тэгвэл дараагийн ажил нь улс төр дэх ургийн модыг тайрах. Бүр үндсээр нь сугалах ажил. Энэ тухай хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Намын нэрээр гул барьж, төрлийн болон бүлэглэлийн хэлхээгээр төрийн албыг торлох үзэгдэл байсаар байна” гэдгийг тодотгосон. Улмаар төрийн алба улс төрөөс ангид, шударга, ил тод байж, ард түмэнд үйлчлэх ёстой гэж өнгөрсөн жилүүдэд ярьсаар л байсан. Гэвч асуудлын гол зангилаа, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоос зайлсхийж, эсхүл мэдсэн хэр нь дорвитой арга хэмжээ авахгүй явсаар өнөөг хүргэснийг онцлоод хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөснөө сонордуулсан. 
Төрийн алба сонгуулийн цикльтэй болоод удаж байна. Дөрөв битгий хэл хоёр ч хүрэхгүй насжилттай төрийн албан хаагчидтай Монголд төрийн залгамж чанарын талаар яриад ч нэмэргүй. Улс төрийн савалгаа шигээ тогтворгүй төрийн алба Засгийн эрх шилжиж, сайд, дарга нар солигдох бүрийд цүнх барьж гүйгчдийн армиар цэнэглэгддэг хатуу дүрэмтэй. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн мэдээлснээр 2015 оны дөрөвдүгээр сарын байдлаар 15 яамны хэмжээнд 138 хүнийг гаднаас, төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилосон нь үүнийг гэрчилнэ. Эсрэгээрээ мэргэшсэн гэх тодотголтой төрийн албан хаагчид гудамжинд хөөгдөж, шүүхийн хаалга эргүүлдэж өдөр хоногийг өнгөрүүлдэг журамтай. Хэдийгээр энэ дүрэм, цаасан дээр бууж, тамгалагдаагүй ч Монголд хэвшил болсныг тоон баримтаас харж болно. Тухайлбал, манай улс 2011 онд 148.781 төрийн албан хаагчтай байсан бол 2014 онд 183601 болж, сүүлийн гурван жилд 30 орчим мянган албан хаагчаар төрийн алба данхайсан гэдгийг Төрийн албаны зөвлөлийн тайлангаас харж болно. Төрийн албаны энэ тогтворгүй байдал  үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан "Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх" тухай дотоод аюулгүй байдлын үндэс сулрахад хүргэж болзошгүйг сөрөг хүчнийхэн бамбай болгон улс төрийн тоглоом хийж гаршжээ. Өрсөлдөгчөө буулгах хөзөр төдийхнөөр төрийн албан хаагчдыг ашиглаж, улс төрийн наймааныхаа хэрэгсэл болгон хувиргах нь ч бий. 
Өдгөө төрийн алба төрлийн болж, мэргэшсэн албан хаагчид лааз өшиглөж явна хэмээн чанга дуугарч суугаа АН-ынхан 2012 оны сонгуулийн үр дүнгийн дараа 15 мянга, 2013 онд 18 мянга, 2014 онд 21 мянгаар төрийн албыг тэлсэн. 7-8 мянган хүнээр савладаг төрийн алба хоёр дахин их хөдөлгөөнд орсон нь энэ. Н.Алтанхуягийн үед өөрөөр нь өргөдлийг нь өгүүлдэг “моод” хүртэл дэлгэрч, 2012-2014 онд 18 мянган албан хаагч "өөрийн хүсэлтээр”, 16 мянган албан хаагч "өөр ажилд шилжсэн" гэх шалтгаанаар төрийн албанаас гарсан байдаг.  Тийн атал 30 орчим мянган хүнээр төрийн албан хаагчаар өссөн нь түр орлон гүйцэтгэгчдийг олноор нь томилсонтой холбоотой гэлцдэг. 
Эмх замбараагүй байдлын улмаас улсын төсвөөс үр ашиггүй зардал гарна. Тухайлбал, хоёр жилийн хугацаанд төрийн байгууллагаас гаргуулахаар шүүхээр шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээ нийт 2 тэрбум 055 сая 019 мянга 834 төгрөг болжээ. Мөн 2015 оны төсвийн тодотголд 5 тэрбум 378 сая гаруй төгрөгийг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсний тэтгэмжид тусгасан нь бий. 
Чадварлаг, цомхон төрийн албатай болох нь эрх баригчдын бус сөрөг хүчнийхний хүсэл мөрөөдөл. Эрх баригч байхдаа үл ухамсарлах атлаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч болж нөгөө талд гармагцаа үргэлж шахаж шаарддаг жам Монголд л бий. Нэгэн цагт МАН ч энэ тухай эрх баригчдыг шахаж, шаардаж байсан. Гэвч албаа авмагцаа өнөөх шаардлагаа умартаж, төрийн албыг төрлийн болгосон нь ч маргашгүй үнэн. Өшөөгөө авч байгаа аятай дараагийн цэвэрлэгээ явагдаж, үүнд нь мэргэшсэн төрийн албан хаагчид өртсөн гашуун түүх өдгөө ч үргэлжилж байна. Гол нь энэ бүхнээ том намын дарга хүлээн зөвшөөрч ил тод зарласанд нь талархууштай. Монгол төрийн дархлаа, залгамж чанар, үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс голч байр сууринаас хандаж шийдвэрлэхийг хүсч байгааг ч олзуурхууштай. Гэхдээ дээр суугаа түүний үг Ерөнхийлөгчийн сунгааны өмнөх шоудалт хоосон амлалт битгий байгаасай. 
Төрийн албанд ажлын үр дүнгээр албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, эсвэл хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоог хуульчилж, төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн зүгээс хяналт тавьж оролцох эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг мөн баримтална гэсэн амлалтдаа хүрэх нь чухал юм. Иймээс энэ хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн М.Энхболдын алх тас хийх өдрийг төрд ажилладаг олон айлын аав, ээж хүлээн сууна.
 
Б. Эрдэнэбаяр