sonin.mn
 Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О. Үржинтэй ярилцлаа.
 
-Төв аймгийн Тавантолгой дахь сургалтын төвд хийж байсан сургуулилтын үеэр гранат дэлбэрч цэргийн хоёр алба хаагч амиа алдаж, найман хүн шархадсан хэрэг гарсан нь олны анхааралд байна. Үүнтэй холбогдуулж салбарын сайд хариуцлага хүлээх ёстой гэж ярих хүн байгаа бол Жанжин штабын дарга хүлээх ёстой гэх зарим нь ч байна. Манайд мөрдөж байгаа хууль тогтоомжоор энэ тохиолдолд ямар арга хэмжээ авахаар заасан байдаг юм бэ?
 
-Хууль эрх зүйн зохицуулалт тодорхой болчихсон. Гэхдээ энэ хэрэг, ослоос үүдэж гарч байгаа шуугиантай холбогдуулж хэдэн зүйл хэлье. Яагаад гэвэл цэргийн алба гэдэг маш эрсдэлтэй. Харьцаж байгаа юм нь, сургалт явж байгаа зүйл нь дандаа эрсдэлтэй байдаг. Угаасаа тэгж байж боловсон хүчин бэлтгэнэ. Сая үнэхээр харамсалтай нь юм боллоо. Тухайн хоёр хүн үнэхээр мэргэшсэн алба хаагч байсан. Тэгэхээр ийм эрсдэл байнга дагалдаж байдаг, төрийн тусгай алба гэдгийг олон нийт сайн ойлгох хэрэгтэй. Үүнээс үүдээд үүрэг, хариуцлагын зааг ялгааг иргэд маш сайн ойлгож байх ёстой. Иргэдэд ойлгуулахын тулд улстөрчид ч сайн ойлгож байх ёстой шүү дээ. Яагаад гэвэл тэд хууль тогтоох, түүндээ хяналт тавьдаг хүмүүс. Тиймээс өөр асуудлыг авч үзэж ярьвал олон нийтэд зөв ойлголт төрнө. Тэрийгээ ойлгохгүй эсвэл улстөржүүлбэл олон нийтэд буруу л ухуулга явуулж байгаагаас өөрцгүй. Үндэсний аюулгүй байдлын сүүлчийн үзэл баримтлалд дотоод аюулгүй байдал гэж гарч ирсэн. Тэр нь нийгмийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой асуудал. Иргэд олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч байх нь төрийн үүрэг. Тэгэхээр парламентын зүгээс ярьж байгаа юм нь хуулиа дээдэлсэн, түүнийхээ хүрээнд байх нь чухал.
 
-Сайд, Жанжин штабын даргын аль нэг нь хариуцлага хүлээх тухайд?
 
-Сайд бол төрийн захиргааны удирдлагын чиглэлийн хүн. Батлан хамгаалах салбарт гурван субъект байдаг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж. Хэрэв сайд гээд асуудал тавибал бүр дээрээс нь буюу Ерөнхийлөгчид тавьж болно шдээ. Адилхан төрийн захиргааны удирдлагыг хангаж байгаа субъекг байгаа биз дээ. Дараа нь Засгийн газар тэгээд мэргэжлийн удирдлагад асуудал тавьж болно. Осол гарсан нь юутай холбоотой юм гэхээр цэргийн мэргэжлийн удирдлагатай холбоотой асуудал. Учир нь, Батлан хамгаалахын сайд цэргийн мэргэжлийн удирдлага руу дураараа орох эрхгүй. Жишээ нь, анги дээр очоод түгшүүр өгөх эрх байхгүй гэсэн үг. Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагыг ч томилдоггүй.
 
Яагаад ?
 
-Угаасаа сайд хүн мэргэжлийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох эрхгүй байдаг юм. Төрийн захиргааны удирдлагаар л хангах үүрэгтэй. Сүүлд гарсан Батлан хамгаалах тухай багц хуульд энэ тухай тодорхой заасан байгаа. Аливаа юмны мөн чанар нь юу байв гэдгийг тогтооход учиртай. Бүх юм шаталсан удирдлагатай байдаг. Тэр дагуу хариуцлага хүлээж байх ёстой. Тэгэхээр энэ бүхний учир шалтгааныг нарийн гаргаж байж иргэдээ мэдээлэл өгөх чухал. Үүнийг төрийн үүрэг гэж зориуд хэлээд байгаагийн шалтгаан энэ. Яагаад гэвэл аюулгүй байдлын асуудлыг маш ноцтой ярьж, тавьж байгаа энэ үед бүх хүн үнэн зөв мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой. Мэдлэгтэй гэдэг энэ хүн нь ийм үүрэгтэй, зааг ялгаатай, хариуцлагатай байна гэсэн холбогдох хуулийн заалтыг мэдэж байх хэрэгтэй.
 
 
-Хуульдаа юу гэж тусгасан түүнийгээ л дагах үүрэгтэй гэж ойлгож болох уу?
 
-Ардчилал гэдэг чинь хууль биелүүлэхийг л хэлж байгаа биз дээ. Би хувьдаа тэгж л ойлгодог. Аль болох хийдэлгүй, нийгэм рүү хандсан зөв сайхан хууль гаргах ёстой. Тэгээд хуулиа биелүүлж л байвал тэр нь ардчилал. Мэдээж аюулгүй байдлынхаа үүднээс хуулиар хязгаарлах юм байвал хязгаарлана. Эдлэх ёстой эрхийг нь ч зааглаад өгчихөж байна. Тэгэхээр хуулиа мөрдөж л байвал ардчилал мөн гэж ойлгож байгаа.
 
-Төрийн захиргаа болон мэргэжлийн удирдлага гэдгээ тодруулахгүй юу?
 
-Зэвсэгт хүчинд төрийн болон цэргийн захиргааны удирдлага гэсэн хоёр субъекг байдаг. Үүнийг хуульд ч тодорхой заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, төрийн болон цэргийн захиргааны удирдлагыг хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг нь нарийн заагласан. Төрийн захиргааны удирдлага гэдэг бол зэвсэгт хүчинд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хэм хэмжээ тоггоох, хэрэгжилтийг хангах, иргэний хяналт тавих ажиллагааг хэлдэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалахын сайд ийм үүрэгтэй гэсэн үг. Харин цэргийн захиргааны удирдлага нь бэлэн байдал хангах, бодлого төлөвлөх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах, хэрэгжүүлэх, хянах, зохицуулах үйл ажиллагааг явуулдаг. Тэгэхээр энэ хоёр субъект өөр, өөр чиг үүрэгтэй болчихож байгаа юм. Ийм л учиртай.
 
-Яамны хувьд иргэний хяналт тавьдаг гэлээ. Энэ нь ямар учиртай юм бэ?
 
-Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт гэдэг бол төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянадаг. Зэвсэгт хүчинд төрийн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгааг хянана гэсэн үг. Хоёрдугаарт, УИХ- аас баталсан төсвийг хэрхэн ашиглаж, зарцуулж байгааг хянана. Гуравдугаарт, зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд ёс зүйд иргэний хяналт тавьдаг гэж ойлгож болно.
 
-Өмнө нь зэвсэгт хүчинд ийм осол, хэрэг гарч байсан юм болов уу. Яг ямар арга хэмжээ авсан байдаг юм бол?
 
-Өмнөх сайдын үед нисдэг тэрэг унасан ноцтой хэрэг гарч байсан. Одоо бол хууль хяналтын байгууллагын шатанд яваа юм билээ. Харин энэ удаагийн хэргийг Батлан хамгаалахын сайд Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод хэрэгт холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохыг Жанжин штабын даргад үүрэг болгосон. Хоёрдугаарт, ийм осол, зөрчлийн чанартай хэргээс сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг даалгасан байна лээ.
 
-Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар хариуцлага тогтолцоо ямар төвшинд байдаг вэ. Ямар зохицуулалтаар хууль журамд тусгасан байдаг юм бол?
 
-Зэвсэгт хүчний салбарт хариуцлагын тогтолцоог маш нарийн зохицуулсан байдаг. Хуулиар ч, дүрмээр ч. Ямар албан тушаалтанд ямар арга хэмжээ авах, хариуцлага тооцохыг тодорхой тусгасан. Үүнд эрх зүйн догодцол, дутагдал, хийдэл байхгүй. Бусад иргэний байгууллагатай харьцуулахад хамгийн хатуу хариуцлага тооцоод явдаг нь зэвсэгт хүчин. Ер нь төрийн тусгай албанд бусдаас нь илүү хариуцлага тооццог. Тэгэхээр хариуцлага тооцохгүй өнгөрнө гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол нь, хууль дүрмийнхээ хүрээнд үнэхээр буруутай этгээдэд хариуцлага болж тооцогдоно.
 
-Хуульд зааснаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгч санал болгож томилох зохицуулалтгай байдаг шүү дээ?
 
-Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ерөнхийлөгч байна гээд Үндсэн хуульдаа заачихсан. Гэхдээ Үндсэн хууль болон бусад хуульд Ерөнхийлөгчийн чиг үүргийг маш тодорхой заасан. Жанжин штабын даргыг мэргэжлийн буюу цэргийн бодлогын хүрээнд Ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй. Нөгөө талаар Засгийн газар солигдох бүрт улс төрийг дагасан зарим асуудал үүсдэг. Үүнийг дагаад зааг ялгаа удирдлагын хувьд өөр байна уу гэсэн сэтгэгдэл иргэдийн дунд үүссэн байж магадгүй. Гэхдээ хууль эрх зүй зохицуулалтаараа л зэвсэгт хүчний үйл ажиллагаа явж байгаа.
 
-Гэхдээ улс төрчдөд бол иргэдээс оноо цуглуулах нь чухал юм шиг?
 
-Уг нь дээрээсээ цэгцтэй байх ёстой. Дээрээсээ гэдэг нь УИХ-ыг хэлж байгаа юм. УИХ-ын гишүүдийн хамгийн чухал үүрэг нь улс орноо хөгжүүлэх, нийгмийг тогтвортой байлгах байдаг. Тэдний амнаас гарч байгаа улс төрийн тоглолт бүрт нийгэм итгэж, төөрөгдөлд орж байна. Энэ чинь өөрөө ноцтой асуудал. Зэсвэгт хүчин бол улс төрөөс ангид байх ёстой. Дэлхийн өнгөрсөн түүхэнд айхтар цусаар бичигдсэн зарчим. Хууль эрх зүй талаасаа зэвсэгт хүчин улс төрөөс ангид байгаа. Харин зэвсэгт хүчинд улс төр оруулах гэсэн оролдлого байна. Түүнийг цаг тухайд нь зогсоох, хориглох ёстой. Шууд хэлэхэд Тавантолгойд болсон хэргийг улстөржүүлэх сонирхол зарим хүнд байгаа юм шиг байна. Мэдэгдэл хийгээд л. Энэ нь манайд нам улс төр сайн төлөвшөөгүй байгаагийн илрэл. Улс орныхоо аюулгүй байдалтай холбоотой асуудлыг улстөржүүлж байгаа нь түүнийхээ эсрэг, харш юмыг хийж байгаатай адил.
 
-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбарт улстөрчид хамгийн мэдрэмжтэй хандах ёстой байх?
 
-Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний талаар олон нийтэд буруу ойлголт өгөөд байна гэдэг чинь хамгийн дархлаатай байх үндэсний аюулгүй байдлаа хөндөж байгаатай агаар нэг.
 
-Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд ямар нэгэн хэрэг зөрчил гарахаар салбарын яамнаасаа нууж, хаадаг, далдалдаг тухай яриа байдаг. Гэтэл ар гэрийнхнийх нь гомдлоор ч юм уу тэрхүү хэрэг, зөрчил нь ил болсон тохиолдол цөөнгүй. Үүнээс үүдэж салбарын яам нь нуун дарагдууллаа гэсэн шүүмжлэл явдаг шүү дээ?
 
-Тухайн ангийг хариуцаж байгаа хүн хариуцлагаас зугтсан ч юм уу, тэр хавиараа дарагдуулаад орхигдуулсан байж магадгүй. Ийм асуудал мэр сэр гарсан тохиолдолд ч бий. Уг нь гарах, ийм юм байх ёсгүй. Тийм зүйл болсон бол шууц илтгэж мэдээллэж байх ёстой. Тэр тусмаа Батлан хамгаалахын сайдад. Сая болсон хэрэгтэй холбогдуулж Батлан хамгаалахын сайд мэдээ, мэдээллийн тогтолцоог шинэчилж батлахыг хариуцсан албан тушаалтнууцад үүрэг болгосон байна лээ. Ойрын хугацаанд хэрэгжих байх. Тэгэхээр зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд гарсан хэрэг зөрчил цаашдаа зохих журмынхаа дагуу мэдээлэгдээд явах байх аа
 
С.Гандөл
Эх сурвалж "Үндэсний шуудан" сонин