120 мянгатад амьдардаг найзындаа очихоор миний бие хүнсний 20 дугаар дэлгүүрээс Зайсангийн чиглэлийн автобусанд суув. Бусдыг түлхэж унагаах шахам орж ирсэн 30 гаруй насны согтуу эр шууд л агсарч гарлаа. Алие суудал хаа байна гэдгээс түүний “шаардлага” эхлэв. Дундаж настай нэгэн эмэгтэй айсан нүдээр харснаа бушуухан босов. Харин 20 дөнгөж хүрч байгаа болов уу гэмээр туранхай залуу мөнгөө төлөхийг шаардав. Кондуктор нь бололтой.

 

Гэвч хариуд нь согтуу эр түүнийг эгээтэй л цохисонгүй. “Чи муу аятайхан байгаарай. Мөнгө өгөхгүй хүнийг танар яадаг юм. П... минь ална шүү" хэмээн өндөлзөн дайрна. Хөөрхий мөнгө хураагч ганц үг ган хийсэнгүй эргэх нь өрөвдөлтэй ч юм шиг. Энэ байдал занал хийлэгчийг бүр ч өөгшүүлэв бололтой. “Би шоронгоос саяхан гарч ирсэн. Одоо хүн алаад буцаад орно. Муусайн хулгайчууд юу юм бэ” автобусаар нэг орь дуу тавин зарлах нь тэр.

 

Хачирхалтай нь зорчигчдын зүгээс үг хэлэх нэг ч хүн гарсангүй. Үзэгдэл үүгээр дуусангүй ээ. Автобус “Баянголын" буудал дээр ирэхэд балмад этгээд дахин хараал урсгаж гарлаа. Би “Багшийн дээд” орох ёстой байсан юм. Муу лалар чи надад яагаад хэлсэнгүй вэ” хэмээн мөнгө хураагч бандийг дарамталж гарлаа. Тэснэ тэснэ гэдэгт яаж тэсэх вэ гэсэн шиг ганц хоёр зорчигч түүнд зориулж үгээ “хайрлав”. 50 гаруй насны цэмцгэр эмэгтэй бүр их эгдүүцсэн бололтой “Суух автобусаа мэдэхгүй шахам согтсон байж чи битгий олон юм ярь” гэж хэлээд тавьчихав.

 

Энэ үгэнд зоригжсон хоёр залуу хүч хавсран согтууг автобуснаас арай гэж буулгав. Тав аравхан минутын өмнө “гол дүрийн жүжигчин”-ийхээс өөр авиа сонсогдохгүй байсан нийтийн унаанд баахан ялаа дүнгэнэх аятай дуу шуу орох нь тэр.
...Ийм юмнууд яаж хорвоогийн тоосыг хөдөлгөж чадаж байна вэ.
...Харах царайны шоронгийн баагий л байна.
...Хүн алаад эргээд ир гэж шоронгоос сулласан юм байх даа...
Бусдын аминд хүрээд шоронгоо бараадна гэдэг үг хүмүүст хамгийн хүндээр туссан бололтой. Өнөөдөр өөрөө биш юмаа гэхэд маргааш ойр дотных нь хүмүүст ямар аюул заналхийлж байгааг ухаарсан учраас тэр юм болов уу гэж бодсоор би “аймшигт” автобуснаас буулаа.

 

Ингэхэд сүүлийн үед онц хүнд гэмт хэргийн гаралт яагаад өсөөд байна вэ? Өнөөдөр эрүүгийн нөхцөл байдал хүндхэн хэвээр байгаа талаар хүн бүр шүүмжилдэг. Гэмт хэргийн гаралт ихсэж, үйлдэх арга хэлбэр нь улам хэрцгий шинжтэй болж байгаа учраас аргагүй биз ээ. 2011 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 12946 гэмт хэрэг гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн гаралт 1.2 хувиар өссөн гэсэн үг. Хамгийн ноцтой үзүүлэлт нь онц хүнд гэмт хэрэг 41.1 хувиар өссөн гэх дүн юм. Ердөө наймхан сарын дотор шүү дээ.

 

Хүн амын төвлөрөл ихтэй дүүргийн нэг Сонгинохайрханд л гэхэд өнгөрөгч онд 11 хүн бусдын гарт амь насаа алдсан байна. Дайн байлдаан, цуст мөргөлдөөнтэй улс оронтой ч зүйрлэхээс аймаар тоо шүү дээ.Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх яагаад ингэтлээ зөрчигдөх болов?
Үүнд өгдөг ганцхан тайлбар нь тодорхой. Ердөө л ядуурал, ажилгүйдэл. Ялангуяа ардчилсан гэдэг хүчнийхэнд үүнээс өөр шалтгаан олддоггүй юм шиг байгаа юм. Гэтэл сүүлийн үед хүн амын орлого өссөн үзүүлэлттэй гараад байдаг. Орлого өсөхөөр амьжиргааны түвшин дагаад өсөх нь ойлгомжтой. Нэг үеэ ажлын байр ч шинээр нэмэгдээд л байгаа. Тэгээд бодохоор аюултай гэмт хэргийн гаралтад өөр олон шалтгаан нөлөөлөөд байгаа нь харагдаад байгаа юм.



Тухайлбал, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гарсан Өршөөлийн хууль нийгмийн харанхуй давхрагад сөргөөр нөлөөлсөн нь олон жишээгээр батлагдсан. Төрийн өршөөл гэдгийг туйлшруулан ойлгож, дахиж алдахгүй гэж бодохоосоо илүү өршөөгдөх боломж байдаг юм байна гэсэн ухвар мөчид сэтгэлээг төрүүлсэн нь гэмт хэргийн гаралтад нөлөөлсөн бололтой.

 

Өөрөөр хэлбэл, олон нийтэд өршөөнгүй Ерөнхийлөгч болж харагдах гэсэн Ц. Элбэгдоржийн хувийн амбиц нь олон хүний хувь заяагаар тоглосон шийдвэр болсон гэхэд хатуудахгүй. Нялх балчир үр хүүхдээ аймшигт алуурчдын гарт алдсан эцэг эх, төрөл төрөгсөд нь хохирогчдын холбоо байгуулж, “Өршөөлийн хууль чинь цэвэр гэмт хэрэгтнүүдийг хайцаалсан шинжтэй болжээ. Эрхэм Ерөнхийлөгч та наад хуулиа эргэж харж үзээчээ" гэж аргаа барсан хүсэлт тавьж байсныг жирийн олон нийт мартаагүй л байгаа шүү дээ. Өршөөл үзүүлж болно.

 

Гэхдээ хуулиа сурталчилах, нүдээ олж ялыг нь хэлтрүүлэх тал дээр туйлын хөнгөн хуймгай яаран хандсан нь нийгмийг айдас хүйдэст автуулахад хүргэсэн нэгэн шалтгаан яах аргагүй мөн. Ялангуяа нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэхэд бэлэн тийм мэдрэмжийг төрүүлж, ардчиллыг буруу утгаар нь ойлгуулж ирсэнд ардчилагчид гэж өөрийгөө өргөмжилдөг тэр хүмүүс буруутай. Намуудын талцсан, хуваагдмал, эрх мэдлийн нэг ёсондоо баялгийн төлөөх тулаан нийгмийн сэтгэлзүйд тийм ч таатай нөлөөлдөггүй.

 

Хэдийчинээ төрд итгэх итгэл алдагдана, төдий чинээ хууль дүрмийг сахих ойлголт хумигдана гэсэн үг. Ийм үед цаазын ялыг устах хуулийг санаачилж, зөвхөн өнгөц хэлбэрээр нь магтан дуулах нь юу ч хийхээс буцахгүй хүмүүст толгойг нь илж байгаатай л адил сонсогдох нь гарцаагүй. Ердөө л хүний эрхийг дээдлэнэ, үүнд цаазын ял саад болоод байна гэдэг талаас нь сурталчилаад байх нь үнэндээ зохимжтой биш гэдэг нь харагдчихлаа.
“Би хүн алаад шорондоо морилно” хэмээн хээв нэг хэлээд явах хүмүүс энд тэндгүй олширвол бурууг нь хэн хүлээх вэ?


Д.Дорж

Эх сурвалж:"Геологи уул уурхайн мэдээ"