sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотод байрладаг Жонсоны нэрэмжит сансрын нислэгийн төвийн ажилтнууд 2018 онд ашиглалтанд тойрог замын аварга том “James Webb” дуран авайн бүрдэл хэсгүүдийг сүүлчийн удаа туршихад бэлэн болжээ.  Энэ тухай мягмар гарагт АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээллээ.
 
Дэлхий дээрх хамгийн боловсронгуй дуран авай гэгдэж буй энэ дуран авайг Мэриленд муж улсын Гринбелл хот дахь Годдардын нэрэмжит Сансрын нислэгийн төвөөс 5 дугаар сарын 7-ны өдөр Хьюстонд хотод авчирчээ. Уг дуран авайг “Lockheed Martin”  корпорацийн үйлдвэрлэсэн "С-5С" цэргийн ачааны онгоцоор тээвэрлэсэн байна. 
 
Дуран авайн туршилтын ажил нэг долоо хоногийн дараа эхэлж, бараг 100 өдөр үргэлжилнэ гэж NASA мэдэгдлээ. “James Webb”-ийг ашиглах хугацаа 10 жил аж. Уг аппаратын хамгаалалтын бүрээс нь дуран авайн гадаргууг хэт халахаас сэргийлж, цельсийн 220 градус орчимд тогтмол хэмийг барьж байх ёстой. Туршилтын эцсийн шат дууссаны дараа “James Webb” дуран авайг Хьюстоноос Калифорни муж улсын Редондо-Бич-д байрладаг “Northrop Grumman” корпорацийн үйлдвэрт авчирч, хөөргөхийн өмнөх эцсийн угсралтыг гүйцэтгэх юм.
 
“James Webb” дуран авайд 6,5 м-ийн голчтой толь суурилуулсан ба уг толь 18 сегментээс бүрдэнэ. Сегмент тус бүр нь тэнцүү талт зургаан өнцөгт хэлбэртэй, 40 кг жинтэй ажээ. Тэдгээрийг үйлдвэрлэхэд хэт бага хэмд тэсвэртэй материал болох бериллийг сонгон авсан байна. Эрдэмтэд энэхүү шинэ аппаратын тусламжтайгаар галактик, од эрхэс, гарагууд, түүний дотор Нарны аймгийн объектуудын үүслийн талаар илүү их мэдээллийг олж авна гэж найдаж байгаа юм.
 
“James Webb” дуран авайг Европын  “Ариан-5” зөөгч пуужингийн тусламжтайгаар тойрог замд гаргах бөгөөд Францын Гвиан дахь Куру сансрын буудлаас пуужинг хөөргөнө.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг