sonin.mn

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй тус намын удирдлагууд 60 тэрбумын бичлэг хийсэн гэх н.Доржзодовтой холбоотой асуудлаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ үеэр : Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуультай холбоотойгоор өрсөлдөгч нам болох Ардчилсан намын зүгээс сонгуулийн хар технологийг хэрэглэж, өндөр зохион байгуулалттайгаар МАН-ыг  гүтгэн гүжирдэх үйл явц хэрээс хэтэрлээ.
 
Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабын зүгээс зориудаар зохион байгуулсан, бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг түгээж байна. Түүний нэг нь 60 тэрбумын асуудал.
 
2016 оны УИХ-ын сонгуулийн үед энэ асуудал сөхөгдсөн, орон нутгийн сонгуулиар дахин яригдсан. Ерөнхийлөгчийн сонгууль болох үед дахин сөхөж байна. Та бүхэн энэ асуудлыг анзаараад үзэх юм бол энэ бичлэгийг сонгууль бүрээр гаргаж ирж, өрсөлдөж байгаа хүмүүсийн нэр хүндэд халдах, олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэх нөлөөлөх оролдлогыг хийж ирлээ.
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад л 60 тэрбумын асуудлыг олон нийтэд янз бүрийн байдлаар хүргэхийг оролдож, хичээж ажиллаж ирсэн. Бүлгийн хурал дээрээ бичлэгийг тасдаж эвлүүлж, олон нийтэд хүргэсэн байдаг. Энэ үеэр ноцтой яриа гарсан нь, “Хэрвээ Энхболд дарга зөвшөөрвөл чамайг алчихвал ч алчихна даа гэж Ганбаатар хэлсэн” гэдэг яриа юм. Түүний дараахан Г.Доржзодов “Миний амь насанд аюул учирлаа” гэдэг бичлэгийг өөрийн цахим хуудсаараа олон нийтэд хүргэх чиглэлээр зохион байгуулалттай явуулсан.  Мөн Ардчилсан намын нарийн бичгийн дарга Эрдэнэболдын найз Батмөнх гэдэг залуу “Доржзодовын амь насанд аюул учирсан тохиолдолд хариуцлагыг М.Энхболд, Ц.Сандуй болон МАН хариуцах ёстой” гэдэг мэдэгдлийг цахим хуудсаараа хийсэн.Улмаар хуурамч хаягнаас энэ төрлийн мэдээллийг цацах болсон.
 
Үүнтэй холбоотойгоор МАН-ын гишүүд, дэмжигчид, ахмад зүтгэлтэнгүүд гадаадын улс орнуудад болдог сонгуулийн технологитой ижил хар сурталчилгаа явж байна. МАН энэнд анхаарал хандуулахгүй бол болохгүй гэсэн.
 
Энэ асуудалтай холбогдож, иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах шаардлага үүссэн, яагаад гэвэл эрсдэл нь эргээд манай намаас нэр дэвшигч дээр ирэх аюул нүүрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, нэн нэг жудогийн тамирчин очоод Г.Доржзодовыг цохиод унагачихлаа гэхэд МАН, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын зүгээс хүн явуулж цохиж унагалаа гэдэг сэтгэл зүйг бэлдсэн байгаа учраас анхаарал тавьж, манай намын төв штабаас өчигдөр Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн.
 
Иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах, энэ хэргийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн.
 
 
 
Харин өнөөдөр өглөө фейсбүүк хаягаа нээгээд үзэхэд сэтгүүлч Л.Мөнх-баясгалан цахим хуудсаараа “Цагдаа нар Г.Доржзодовыг баривчлахаар ирсэн байна, монголчуудаа энд цуглаач аа, тэмцье” гэж уриалсан байсан. Энэнтэй холбоотойгоор цагдаагаас мэдээлэл авахыг хүссэн ч өгөөгүй байна.
 
Цагдаагийн газраас хийсэн мэдээллээр бол Г.Доржзодовыг хайж явахад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ц.Оюунгэрэл гэдэг хүний гэрт байна, бид хамгаалалтад авсан байгаа гэдэг мэдээллийг хийлээ.
 
Гэтэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Миний нөхөр гадаадын иргэн, түүнд Монголын хууль үйлчилж болохгүй, орж баривчилж чадахгүй” гэдэг мэдээллийг хийж байна. Илтэд олон нийтийг хууран мэхэлсэн үйлдлийг гаргаж байна. Энэ үйлдлийг олон түмэн анхааралдаа авч, тунгаан бодож дүгнэж цэгнээч ээ гэж хүсэх байна. Сонгууль болдгоороо болоод өнгөрнө. Гэтэл энэ сонгуулийн төлөө улайран хар технологи хэрэглэж байгаа нь монголчуудын айдсыг төрүүлж байгаа төдийгүй бидний ч айдсыг хүргэж байна.
 
Бидэнд байгаа баримтаар бол 60 тэрбумтай холбоотой асуудлаар анх олон нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь Ардчилсан намд урилгаар ирж, ажиллаж байсан, Английн иргэн эмэгтэй. Түүний мэдээллийг Ц.Оюунгэрэл сошиал ертөнцөд түгээх үүргийг гүйцэтгэсэн гэдэг мэдээлэл байгаа. Энэ бүгдийг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан байгаа" хэмээв.