Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хамтран ховор үнэт  бурхан дээрэмдсэн  гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлжээ.
Хэнтий аймгийн Чингис хотод оршин суух иргэн Г-ийн гэрт үл таних хоёр хүн дайран орж, гэрийн эздийг айлган сүрдүүлж, XV-XVI зууны үед хамаарах хосгүй үнэт “Бичин дүртэй бурхан”-ыг дээрэмджээ. Уг хэргийг 1987-1990 онд төрсөн, Улаанбаатар хотод оршин суух  Н, Э, А нар бүлэглэн үйлдсэн болохыг илрүүлэв. Энэхүү бурхныг "Ганеш" хэмээн нэрлэдэг бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт хувилгаан, бичин дүрт бурхан аж. Хохирогч Г-ийн гэр бүлийнхэн уг бурханыг 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн талаар мэдүүлжээ. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-д зааснаар хэрэг үүсгэн Хэнтий аймаг дахь Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг