sonin.mn
-Гэвч Д.Ууганбаатар нь өчигдөр УИХ-ын экс дарга Зандаахүүгийн Энхболдтой холбоо барьснаасаа хойш сураггүй болжээ-
 
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Болорсүх дөнгөж сая (2017.07.05)-ны 20.00 цаг орчимд Эрүүгийн цагдаагийн газрын үүдэнд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энд “АН-ын зарим гишүүнийг баривчилсан” хэмээн зар түгээсэн Л.Мөнхбаясгалангийн мэдээллийн дагуу хэвлэлийнхэн цугларсан байв. Харин албаныхан мэдээлэл өгөхдөө хэрэг явдал арай өөрөөр өрнөж байгааг дамжууллаа.
 
Нэгдүгээр зэрэглэлийн Төрийн тусгай хамгаалалтад байдаг УИХ-ын дарга М.Энхболдын хувийн болон албаны мэдээллүүд алдагдаж байгаа тул ТТХ-ын газрынхан Цагдаагийн байгууллагад хандсан юм байна. Цагдаагийн байгууллага энэ мэдээллийн мөрөөр ажиллаж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Даваасүрэнгийн Ууганбаатар гэдэг хүнийг дээрх мэдээллүүдийг задалсан хэмээн үзсэн аж.
 
Гэвч Д.Ууганбаатар нь хамгийн сүүлд УИХ-ын экс дарга Зандаахүүгийн Энхболдтой өчигдөр (2017.07.04) 10.00 цагийн үед холбоо барьснаасаа хойш сураггүй болжээ. Түүний унаж явсан, өөрийнх нь эзэмшлийн 96-90 УНЛ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн автомашин өчигдөр 15.00 цаг орчимд Баянгол зочид буудлын хашаа руу орж зогссоноосоо хойш хөдлөөгүйг Замын цагдаагийн газрын камер тогтоосон байна. ТТХГ-ынханд Цагдаагийн байгууллага ийм мэдээлэл өгчээ. Харин ТТХГ-ынхан Төрийн 1 зэргийн хамгаалалтад байдаг хүний алба, амины мэдээллийг тээж яваа учраас Д.Ууганбаатарын эрүүл мэнд, амь насанд санаа зовж байна гэж хэвлэлийнхэнд мэдэгдэв.
 
 
Д.ХАЛИУН