sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой гэх хэргийн явц, АТГ-аас гаргасан шийдвэрийн талаар Хүний эрхийн хуульч М.Ичинноров, иргэн Ч.Саранзаяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Өмгөөлөгч М.Ичинноров “Бид Шүүх эмнэлгийн дүгнэлтэд УИХ-ын гишүүн Д.Гантулга санаатайгаар нөлөөлж, хуурамч дүгнэлт гаргуулсан гэж үзэж, АТГ-т нотлох баримтуудыг хүргүүлсэн. АТГ-т өгсөн өргөдлийг тав хоногт шалгаж, хариу өглөө. Тэр хариунд авлигын хэрэг илрээгүй гэдгийг дурдсан байна. Харин Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул прокурорт шилжүүлж, Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Бид цагдаагийн байгууллагад итгэж байна. Цагдаа шаардлагатай бүх нотлох баримтуудыг шалгаж, сайн ажиллах байх” гэв. Мөн тэрбээр энэ асуудлаар УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд хандаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг тавих болсноо хэлсэн юм.
Иргэн Ч.Саранзаяа УИХ-ын гишүүн Д.Гантулгаас 500 сая төгрөг авсан гэх мэдээлэлд няцаалт хийв. Тэрбээр “Миний фэйсвүүк хаягийг хаасан. Бас хуурамч хэд хэдэн хуудас үүсгээд, 500 сая төгрөг аваад алга болчихлоо гэсэн мэдээлэл тавьсан. Энэ бол ташаа мэдээлэл” гэв. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг