sonin.mn
 (Оросын хэвлэлээс)
 
БНХАУ-ын ӨМӨЗО-ы  Хөлөнбуйр аймгийн Эвээнхи хошуунд хятадууд малчид болон, хариулж байсан үхрийг нь цохиж нүдэж, хөөж тууж, бэлчээр нутгийг нь булаах гэсэн балмад хэрэг гарсан билээ. Энэ нь Оросын буриадуудын анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлж байна. Буриадын NewsBabr.com сайтад Дмитрий Верхотуров “Монголчуудыг улам их зодох болно” гэсэн нийтлэлийг бичжээ. Уншигч та бүхэнд товчлон толилуулъя (http://newsbabr.com/china/?IDE=163495):
 
“Хэд хоногийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эвээнхи хошууны Баруун Шэнэхээн суманд малаа хариулж байсан малчид руу олон хятад дайрсан тухай мэдээлэл түгсэн билээ. Энэ нутаг нь Монгол, Оросын хилээс холгүй, хятадын нутаг руу түрсэн Монголын нутаг дэвсгэрийн хойхно байдаг.
Саваа мод барьсан зуу гаруй хүн малчдыг малд нь ойртуулахгүй цохиж зодож байв. Оросын шарын шашны ламтан Лобсан Чойнзин, “нүүрс ихтэй орд газруудад эзэн суух гэж буриадуудыг бэлчээр нутгаас нь шахан зайлуулж байна” гэж хэллээ.
 
2015 онд ӨМӨЗО-ы хэд хэдэн дорнод районуудыг хамарсан үймээний үеэр түр онц байдал тогтоож, эсэргүүцэн жагсагчдын эсрэг резин сум, нулимс асгаруулах хий, усаар буудагч хэрэглэж байв. Нэг жагсагч амь үрэгдэж, 200 хүн шархдаж, 50 хүн баривчлагдаж байсан.Энэ бүхний шалтгаан энгийн юм: ӨМӨЗО бол бүх хятадын хэмжээний Кузбасс бөгөөд, хятадын олборлолын 25%-ийг өгдөг. Нүүрсний хамаг нөөц нь 1,1 их наяд тонн, 224,4 тэрбум тонн нь арилжааны олборлолд тохирно. Олборлосон нүүрсний ихэнхийг Хятадын бусад районууд руу болон, экспортод гаргах гэж зөөж, зарим хэсгийг орон нутагт хэрэглэдэг. Жишээ нь, Хуулынгол хотод 1800 МВт-ын хүчирхэг цахилгаан станци баригдсан. Дэргэд нь Братск, Красноярскийн хөнгөн цагааны үйлдвэрүүдээс ч том Huomei Hongjun хэмээх хөнгөн цагааны үйлдвэр байх бөгөөд, 2012 онд дэлхийн адил төрлийн үйлдвэрүүд дундаа 2-р байранд орсон. Уг цахилгаан станци чанар муутай хүрэн нүүрс түлж, хаягдал нь хөнгөн цагааны үйлдвэрийнхтэй нийлээд, эргэн тойрны тал нутгийг хэдэн арван км-ийн хэмжээнд бохирдуулж байдаг.Уурхайн үйл ажиллагаа явуулахад газар хэрэгтэй, ингээд малчдын бэлчээр нутгийг булаадаг. Малчид нь монголчууд юм (буриадуудыг БНХАУ-д монгол гэж тооцдог). Уурхайн тоосноос болж мал өвчлөн үхэж, мал аж ахуй эрхэлдэг хүмүүсийн хувьд амьдрал улам хэцүүдэж байна. Уугуул ард түмний эрхийн зөрчигдөл, байгаль орчны бохирдлоос шалтгаалан, монголчуудын эсэргүүцэл нь олон өдөр үргэлжлэх мөргөлдөөн болон хувирдаг.
 
2015 оны өргөн хэмжээний мөргөлдөөн нь Хятадын төв засгийн газрыг уугуул хүн амын шаардлагыг сонсоход хүргэсэн гэж бодогдно. Үүнээс болж, ӨМӨЗО-нд Хятадын томоохон нүүрс олборлогч компани Shenhua Energy Co. Ltd үйл ажиллагаагаа түр зогсоож байсан. Өвөр Монголд хоёр уурхайгаас жилд 50 сая тонн нүүрс олборлодог энэ компани малчдын бэлчээр нутгийг булаасан асуудалд холбогдсон юм. Хятадын төв болон, орон нутгийн засгийн орднууд нүүрсчдийг хүсэлт тавингуут уугуул ардуудын бэлчээр нутгийг булааж авч өгөх нь багассан тул, нүүрсний компаниуд балмад танхай этгээдүүдийг хөлслөн, малчдыг дайжуулах гэж зодуулж нүдүүлэн хөөлгөх болжээ.2020 он гэхэд ӨМӨЗО-нд 65 нүүрсний уурхайг хааж, олборлолыг 40%-иар багасгах төлөвлөгөө 2016 онд яригдсан байдаг. Хятадад нүүрсний олборлолын хэмжээ улс орны эрх ашигтай нь зөрчилдөж, нүүрсний үнэ унаж байна. Гэвч энэ нь хятадын нүүрсчдийг хазаарлан барьж чадахгүй байна.
 
 
БНАСАУ-аас нүүрс импортлохыг хорьсон НҮБ-ын хоригт БНХАУ нэгдсэн. Мөн БНХАУ-ын дарга Ши Жинпин ХАЧА-ийн 90 жилийн ойгоор зэвсэгт хүчнийг урьд өмнө байгаагүй хэмжээгээр хүчирхэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ бүхэн нь нүүрсний олборлолыг Өвөр Монголд нэмэгдүүлэхэд хүрнэ гэж бодож байна. Тиймээс цаашдаа монголчууд, түүн дотор буриадууд саваа модоор бүр ихээр зодуулах болох нь ээ. © NewsBabr.com. http://newsbabr.com/china/?IDE=163495