sonin.mn
Өчигдөр орой У.Хүрэлсүх, "Херо" Баатар хоёрын ярианы бичлэгийг маш эрчимтэй тараав. Цагийг зөв тооцож байна. Ажил тарсан үед, холбогдогч "контр" мэдээлэл түгээхийг оролдлоо бол цаг алдана гэсэн үг, ер нь амжихгүй тэгээд "шингэчихнэ" гэж тооцож. Яриа бол яахав, улстөрийн технологичид ба улстөрийнхний л яриа. Орд заръя гэсэнгүй, 60 тэрбумдая ч гэсэнгүй, ядаж хамтдаа Гантулгадая ч гэсэнгүй, зүгээр л "Ерөнхийлөгч Танд талархаж байна, уулзая гэнэ ээ"... 
Хариу нь бичлэг хийгээгүй биз?... Одоохондоо завгүй... Нэг нь уран бүтээлч залуу хүн, бас ялалтандаа дэвэрч яваа тул жаахан цалгиатай ярина, харин өнөөх нь улстөрч учраас болгоомжлонгуй. У.Хүрэлсүх нь өөрөө Баатараас болгоомжлоод байна! Би ярьсан бол ёстой сайхан "халсан" даа! 
Гэвч хэн, хэний нь болгоомж илүүджээ. Тэр хоёрын яриаг гуравдагч этгээд бичиж байж. Хэрэв өрөөнд ярьж байхад нь бичсэн бол хэн нэгний нь яриа сонсогдохгүй, нөгөөгийнх нь яриа цаад акустикаас шалтгаалж цуурайтай, шуугиантай, эсбөгөөс салхитай байх ёстой. Гэтэл тийм зүйлгүй, маш чанартай бичлэг байна. 
Бас хэн нэг нь бичсэн бол бичигч талын дуу нь тод, бас цаад шуугиан орно. Гэтэл тийм юм алга, яг дундаас нь шүүрч... Гарцаагүй гуравдагч этгээд өндөр технологиор бичсэн байна. Эрхбиш телевизийн салбарт 20 шахам жил болсон хүн үүнийгээ ч мэдэхтэйгээ... Тэгвэл хэн бичсэн байх вэ? 
Энэ улсад хувь хүний эрхэнд нууцаар халдаж, яриаг нь бичих, дагаж мөрдөх эрхтэй ганцхан байгууллага бий. Энэ бол ТЕГ.
ТЕГ тэгвэл хэнийг нь хянаж байсан бол? Студийн найруулагчийг тагнаж байсан уу? Эсвэл төрийн Шадар сайдыг уу? Тагнах гэдэг обьектод мэдэгдэлгүй мөрдөж мөшгих гэсэн үг л дээ, тиймээс энэ бол тагнуулын л ажил. Эсбөгөөс өөр байгууллага, жишээ нь "Мобиком" корпораци хэрэглэгчдийнхээ эрхийг уландаа гишгэж байна, бүр илүү хардвал эрх бүхий байгууллагаас ангид этгээд Монголын иргэдийг тагнаж байна. 
Одоогоос 10 шахам жилийн өмнө "Мобиком" корпорациас 9911.... дугаартай хүмүүсийн жагсаалтыг Тагнуулд алдсан шуугиан дэгдээд намжсан. Тагнуул л "хулгайлчихсан" байсан, гэхдээ "хулгай" хийсэн этгээд түүнийгээ алдаад бөөн юм болсон. Харин саяхан өндөр хүчин чадалтай, өндөр үнэтэй чагнах төхөөрөмж, программ хангамжийг Монголын ЗГ хэрэглэж байгаа тухай сошлоор хэсэг шуугисан. 
Сүрхий төрсөг загнахад ТЕГ тагнах, чагнах эрхтэй байх, өмнөх УИХ-аар хэлэлцэж байгаад энэ эрхийг өгсөн санагдаж байна. Харин түүнийгээ ингэж олон нийтэд дэлгэх ёс байхгүй. Нэг нь Шадар сайд, улс орны чухал асуудлыг мэддэг учраас чагнуулах ёстой юм гэж бодоход бас өөр хүмүүс тэр дундаа ТЕГ-ынхантай холбоотой хүмүүс хууль бусаар дагаж мөрдсөн шуугиан өнөө хэр намжаагүй байна. Энэ ямар учиртай вэ?
"Херо" Баатарыг ч чагнах шалтгаан байсан биз! Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд идэвхтэй оролцоотой байсан учраас сонгуулийн үеэр улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явагдахаас сэргийлж чагнаж болно. Гагцхүү үүнийгээ ингэж нийтэд дэлгэдэггүй юм л даа... 
Хүний яриа, утас бол хүний хувийн эд зүйл. Хүний эрх чөлөөний салшгүй хэсэг, обьектив субьектив аль аль талаасаа. Хүн хувийн утсаараа юу ч ярьж болно, хувь хүний нууц халдашгүй. Гэтэл энэ удаад Монголын гар утастай иргэдэд "халдашгүй" эрх байдаггүй нь нотлогдлоо. 
ТЕГ нэг хүнд, жишээ нь Ерөнхий сайддаа, бас нэг намд үйлчилж, намын дотоод хэрэгт оролцож байна. Иргэдээ тагнан туршиж, мөрддөг цуглуулсан баримтаа нэг хүний, нэг фракцын, нэг намын эрх ашигт үйлчлэх байдлаар ашигладаг юм байна. Энэ хувийн, эсвэл байгууллагын компани уу? 
Зорилго нь ажлын цаг дууссаны дараа зохион байгуулалттай бичлэг тарааснаар өнөөдөр болох МАН-ын хуралд нөлөөлж, шийдвэрийг нь захиалагчид ашигтай гаргуулахад чиглэжээ гэж харж болохоор байна. 
Үүнээс ургаад өөр дүгнэлт ч гарна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын даалгавраар дагаж мөрдөж байсан нь үнэн юм байна. Учир нь ТЕГ Ерөнхий сайдын шууд удирдлагад байдаг. Хоёрт Баатарыг чагнаж тагнаж байж, хэрэв нөхцөл байдлыг харвал улсын аюулгүй байдлын үүднээс бус өрсөлдөгч нэр дэвшигчийн эрх ашгийн үүднээс... 
Ингээд харвал МАН-ын удирдлага дахь "ургийн холбоо" төрийн тусгай албад хийгээд санхүү хөрөнгийг дураар зарцуулж, хэтэрхий их эрх мэдэл эдлэж, хуулийг уландаа гишгэж байсан нь илэрч байна. Одоо бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ТЕГ-ын даргын асуудлыг ноцтой хэмжээнд авч үзэж хатуу хариуцлага тооцох ёстой боллоо. Хоёр нь төр барих эрхгүй, нэг нь тусгай алба толгойлох эрхгүй болов. 
Хүний эрх, эрх чөлөө бол өнөөгийн нийгмийн амин сүнс. Түүнийг зөрчих бол гарцаагүй хуулийн шалтгаан хэрэгтэй. Харин тийм шалтгаангүй хүнийг даган мөрдөж, тагнаж чагнаад нийтэд нөлөөлөхүйцээр, тэр тусмаа төрийн бус байгууллагын хэсэг бүлэгт дэм болохуйцаар байдлаар ашиглаж байгаа бол улстөрийн төдийгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэг мөн. 
Энэ бол нэг бүсгүйн эрхэнд халдаж хүчиндсэнтэй адил эрүүгийн хэрэг бөгөөд ноцтой нь энэ тагнуулын хүчирхийлэл нийтийг хамарсан шинжтэй байх талтай... Үүнийг ҮАБЗ нэн яаралтай авч хэлэлц гэх аргагүй байна, яагаад гэвэл гурван гишүүнийх нь хоёр нь өөрөө хүний эрхийг уландаа гишгэжээ. Ийм үед ямар арга хэмжээ авах ёстой вэ? 
Хамгийн энгийн шаардлага бол ҮАБЗ-ийг эхлээд цэвэрлэх...!!!
 
А.Баатархуяг