sonin.mn
"Херо энтертайнмент" студийн захирал, найруулагч Б.Баатар өөрийнх нь Шадар Сайд У.Хүрэлсүхтэй ярьж буй утасны бичлэгийг хийсэн этгээдийг олж тогтоолгохоор прокурорын газарт ханджээ.
 
Л.Баатар өргөдөлдөө:
 
"Херо энтертайнмэнт студийн найруулагч Баатар миний бие Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярилцсан бичлэгийг улстөрийн зорилгоор нийтэд тараасан байна. Энэ бичлэгийг эрх  бүхий байгууллага тусгай тоног төхөөрөмж ашиглан хийсэн гэж үзэж байна. 
 
Энэ нь хувь хүнийг дагаж мөрдөж, тагнан туршиж байгаагийн илрэл юм. Миний бие улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын эсрэг ямарваа үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын нууцтай холбоотой төрийн албан тушаал хашдаггүй жирийн уран бүтээлж хүн юм. Энэ бол зөвхөн надтай холбоотой асуудал биш Монгол улс дахь хүний эрхийн зөрчлийн нэг илрэл, гар утас ашигладаг хүн бүрийн эрхтэй холбоотой асуудал болохыг онцлон анхаарахыг хүсч байна.
 
Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг миний бие хийсэн мэт болгож харагдуулах гүжир гүтгэлгийг зохион байгуулалттай хийж байна.
 
Энэ бол миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олн нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгээдүүдийг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага ногдуулахыг хүсч байна" гэжээ.