sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах Ус сувгийн удирдах газрын шугам ашиглалт засварын газрын -Туул-1- коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах хоёрдугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг  албаныхан шинжилж тогтоожээ. Улмаар Ус сувгийн удирдах газраас хоёр автомашинаар цэвэр ус зөөвөрлөн хорт бодисыг саармагжуулсан байна. Мөн худгийн ойр орчмын газрыг хлороор ариутгасан байна. “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баян монгол” хорооллын 406, 414 дугаар байрны ойр орчмоос химийн бодис үнэртээд байна гэсэн дуудлага өчигдөр /2017.09.24/ 17.52 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу  Аврах тусгай ангийн бүлэг, Ус сувгийн удирдах газрын шугам ашиглалт засварын газрын нийт 12 ажилтан нар хамтарч хайгуулын үйл ажиллагаа хийж, бодис  хэмжигч багажаар агаарт хэмжилт хийжээ. Хэмжилтээр ямар нэгэн бодис илрээгүй тухай" Нийслэлийн Онцгой байдлын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Бурмаа мэдээлэв. Муухай үнэрийг олж тогтоохоор албан хаагчид эрэн хайгуулын ажлыг хийсэн. Шалгалтаар тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Ус сувгийн удирдах газрын шугам ашиглалт засварын газрын -Туул-1- коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах хоёрдугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоосон юм байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг