sonin.mn
Үүнийг сийрүүлэгч миний бие 1973 оноос Завхан аймагт ажиллав. Тэр үед Цэдэв зээрэмбэ гэдэг ламын хэргийн тухай янз бүрээр ярьдаг байв. Сүүлд Цэдэв зээрэмбийн төрсөн нутаг Баянтэс суманд томилолтоор ажиллахдаа тэрхүү ламын тухай, хэргийн тухай хүмүүсээс асууж тэмдэглэж байв. Цэдэв зээрэмбийг баривчлаад алж чадаагүй, гэрэл болоод тэнгэрт цойлсон мэт ярина. Хоорондоо зөрөөтэй яриа учраас эргэлзэнэ. Цэдэв зээрэмбийн хэргийн баримт Завханы шүүхэд байж мэднэ гэж бодоод, архивын товъёог шүүсэн боловч олоогүй юм. “Үнэн” сонинд ажиллах үед гавъяатын тэмдэгтэй нэгэн өвгөн Төв аймгийн Зуунмодод аж төрдөг гээд хааяа орж ирэх. Тэрбээр хуульч, прокуророор Завхан аймагт дээр үед ажиллаж байсан гэнэ. Би Цэдэв зээрэмбийн тухай цухуйлгатал би мэднэ гээд ярьсан юм. Ингээд гавъяат хуульч Ойдовын Лхамсүрэн гуайтай танилцаж тэрхүү Цэдэв зээрмбийн хэргийн талаар 2001 онд яриулсан юм. Дор дурдаж буй Баян-Уул сум бол өдгөөгийн Баянтэс сум болой.
 
Гэрч Ойдовын Лхамсүрэн. Энэ хүн Ховд аймгийн Мянгад сумын уугуул, 1918 онд төрж, 1937-1941 онд Дотоод яамны харъяа цэрэгт алба хаажээ. О.Лхамсүрэн гуай 1942-1985 онд прокурорын байгууллагад ажиллаж, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Завхан, Төв аймгийн прокуророор ажиллаад өндөр насныхаа тэтэгвэрт гарчээ.Тэрбээр 1955-1960 онд Намын дээд сургуульд суралцаж төгссөн байна. О.Ламсүрэн гуай бол гавъяат хуульч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн юм. Тэрбээр хамт ажиллаж байсан зарим хүнийг овог нэрээр нь хэлдэг, он сарыг нь мартаагүй ухаан сэргэлэн хүн билээ.
 
Цэдэв зээрэмбийн тухай сонссон нь. О.Лхамсүрэн гуай 1950 оны хавар Завхан аймгийн прокуророор томилолттой очив. Удалгүй аймгийн намын хорооны бүгд хурал боллоо. Чойдаржаа, аймгийн намын хорооны дарга, прокурор хоёртой уулзъя, ажлаа танилцуулъя гэж хүсчээ. Тэгээд С.Рагчаа даргын өрөөнд О.Лхамсүрэн гуай сууж байгаад Чойдаржааг хүлээн авч уулзжээ. Баянхайрхан, Баян-Уул болон Хөвсгөлийн зарим сумын ардуудад нөлөөлсөн Цэдэв зээрэмбэ гэдэг лам байсан юм. Сүүлийн жилүүдэд энэ ламын нөлөө ихэссэнээс учрыг нь ухуулахаар Дотоод яамны аймгийн хэлтсээс тэр ламыг дуудан, нэг цагдааг явуулжээ. Замдаа лам өвдлөө гээд явж чадахгүй, тэгээд айлд буугаад хэд хоносон байна.
 
Цагдаа нь сахиж хэд хоноод аймгийнхаа хэлтэст учир байдлаа дуулгажээ. Хэлтсийн дарга нь Лхамжав гэж хүн байв. Өвчтэй ламыг сахиад хэрэггүй орхичихоод ир гэжээ. Цагдаа даргынхаа тушаалыг дагалгүй яах вэ. Цагдаа нь Самдан гэж хүн байсан юм.
 
Баян-уул сумын дарга Товуудорж, Намын үүрийн дарга Цагаан-Өвгөн, эмч Тогтохжаргал нарын гарын үсэгтэй бичгийг Дотоод яамны аймгийн хэлтсийн дарга Лхамжавт ирүүлжээ. Тэр бичигт лам Цэдэв нас барлаа. Бид түүнийг оршууллаа гэсэн байжээ. Дотоод яамны хэлтэс тэр бичгийг үзээд ламын тухай асуудлыг хэрэгсэхгүй болгожээ.
 
Чойдаржаа хэлэхдээ:-Тэр лам үхээгүй, амьд байх шиг байна. Эзгүй хээр байдаг, хүмүүс хоол зөөдөг тухай ярих юм. Энэ үнэн ч байж мэднэ, худлаа ч байж мэднэ. Иймд Дотоод яамны хэлтэст хэлэхгүй, намын дарга, прокурор хоёртоо мэдэгдье гэж бодсон юм. Энэ талаар анхаарч үзнэ биз гэсэн юм.
Би ламтай холбоотой хавтаст хэргийг үзлээ. Эсэргүүн энээ тэрээ гэсэн сүйдтэй юм алга. Ард иргэдэд их нөлөөлж буй тухай нэг хүний мэдээлэл байв. Тэгээд лам нас барсан тухай сумын дарга нарын гарын үсэгтэй албан тоот байлаа. Удалгүй Дотоод яамны аймгийн хэлтсийн даргыг яагаад ч юм бэ өөрчилж, Гүрийн Гомбодорж гэдэг дэд хурандааг ирүүллээ.
 
Ламын хэрэг үүсэв. Би Г.Гомбодоржид хэллээ. Баян-Уул суманд лам нас барсан гэсэн. Гэтэл нас бараагүй байж мэдэх тухай мэдээллээ. Чи гүйцэтгэх ажлын хувьд шалга. Яаж шалгахаа өөрөө мэд. Лам үхсэн байж ч мэднэ,, амьд байж ч мэднэ гэв. Маргааш нь Г.Гомбодорж: -Галсан гэдэг хашир томоотой ажилтнаа Баян-Уул суманд томиллоо. Тэр хүн учрыг нь олж ирнэ гэв. Түүнээс хойш сар гарантай хугацаа өнгөрлөө. Тэгээд “Галсан хаачсан бэ, ирээгүй юү” гэж Г.Гомбодоржоос асуулаа. “Чимээ байдаггүй, яваад удлаа” гэж байна. “Асууж сураглаж учры нь ол” гэв. Хэд хоноод хоёрдахь удаагаа Галсангийн тухай асуулаа.
-Баян-Уул суманд Галсан очсон гэнэ. Тэгээд өртөөний улаач Бадарч, Палам бас Галсан төлөөлөгч алга болоод удлаа. Галсан төлөөлөгч өртөөний улаач тэр хоёртой цуг явсан сураг байна гэсэн мэдээ авлаа гэж Г.Гомдорж хэллээ.
 
Гурван хүн гэнэт алга болчихсон учраас Дотоод яамандаа хэлэлгүй яахав. Дотоод яам их хүчтэй байсан даа. 1950 оны намар Дотоод яам Баян-уул сумынхны хавьд олон хүнээ ил далдаар тавьж ажиллуулсан юм. Тэгэхдээ аймгийн прокурор чинь Дотоод яамны хэлтсийн ажилд хамаагүй оролцохгүй шүү дээ. Гэхдээ их хүч тавин шургуу ажиллаж буй нь мэдээжийн байлаа.
 
Төлөөлөгч Галсанг алжээ. Нэг өдөр Г.Гомбодорж их баяртай орж ирлээ. –Нөгөө ламыг баривчиллаа. Манай төлөөлөгчийг алжээ. Өртөөний хоёр улаачийг ламтай хамт баривчиллаа. Тэд хэргээ хүлээсэн гээд илэн далангүй ярилаа.
 
Төлөөлөгч Галсан Баян-Уул суманд очиж ажиллажээ. Бадарч, Палам гэдэг хоёр хүн ламтай байнга харилцдаг тухай мэдээг Галсан олж авчээ. Тэр хоёр хүнтэй уулзаж ярьтал, Цэдэв зээрэмбэ гэдэг ламтай холбоотой байдаг тухайгаа үнэнээ хэлжээ. Ламын байгаа сууцыг Бадарч, Палам хоёр зааж өгөхөөр болоод Галсантай гурвуулаа мориор явжээ.
 
Ой дотор жижигхэн амбаарт лам нь байв. Гадаа ламыг модны хожуул дээр суулгаад Бадарч, Палам хоёроор амбаар доторхи юмыг гарган Галсан Төлөөлөгч цүнхэн дээрээ дэвтэр тавиад бүртгэж байв. Ор дэрний хэрэглэл, дээл хувцас, судар, аяга сав гаргаж ирээд бүртгүүлж байжээ. Бадарч: -Багшаа, яаж ч чадалгүй илчилчихлээ гэж ламд шивэгнэж амжсан байна. Лам толгойгоороо Галсан руу дохиод “тонилго” гэж шивнэв.
Амбаарт нь хүрз юм уу, сүх ишлэх гэж бэлтэгсэн бололтой дэлэм хэрийн хус мод байжээ. Бадарч тэр модыг барьж гарч ирээд тэмдэглэл хийж суугаа Галсангийн ар талаас толгой руу нь цохитол, нөгөөдөх нь унасан байна. Толгой руу нь хэд хэд цохиод нэг мөсөн цааш харуулчихав.
 
-Одоо яах вэ гэж ламаасаа асуужээ.
 
-Булчих гэжээ. Галсан төлөөлөгч гар буутай байв. Түүнийг авах гэтэл:
 
-Үхсэн хүний юм хэрэггүй гэж лам хэлэв. Бадарч, Палам хоёр Галсангийн цогцсыг дамжилж яваад булах гэтэл газар ухах багаж байсангүй. Иймд өндөр хясааны ёроол руу хаячихжээ. Тэгээд л гурвуулаа Тувагийн хилийн ойролцоо модон дотор урц барин байрласан гэнэ. Тэр гурав нутгийнхантайгаа холбоотой байжээ. Тиймээс Дотоод яамны ажилтнууд тэр гурвын байгаа газрыг мэдээд баривчилж чадсан байна. Цэдэв зээрэмбэ гэдгийн хэрэг товчхондоо ийм юм.
Гурван ялтны хэргийг шийтгэсэн нь. Галсан төлөөлөгчийг алсан гурван хүнийг намар оройхон баривчлаад нийслэлд аваачин хэргий нь мөрдөн байцаажээ. Дараа он буюу 1951 оны хаврын сүүлчээр тэр гурвыг Завхан аймагт аваачиж хэргийг нь шүүн таслаад буудан алах ял оноожээ. Улсын прокурорын орлогч дарга асан Хорхой шүүн таслах ажилд нь очиж оролцжээ.
 
Тэр гурвыг буудан хорооход чи биечлэн оролцоорой гэж Хорхой дарга О.Лхамсүрэн гуайд бичгээр үүрэг өгсөн байна. Наадмын өмнөхөн тэр гурвыг хороов. Газар ухчихаад шөнө аваачиж хороодог юм. Хороох газар нь оччихоод байхад Бадарч нь “Энэ муу ламаас болж ажлаа зүгээр хийж байсан хүнийг алчихаад амиа алдаж байна” гээд уйлж байв. Палам ч мөн тийм үг хэлээд уйлж байлаа. О.Лхамсүрэн гуай тэр үед гуч гаруйхан настай залуу. Бадарч, Палам хоёр дөчөөд насных болов уу гэмээр байв. Лам дал орчим настай байсан байх. Алуулахынхаа өмнө лам үг дуугараагүй, хүрлийгээд л сууж байв. Дотоод яамнаас тусгай хүн ирж тэр гурвын ялыг гүцэтгэсэн юм.
 
Ламыг үхсэн гэж бичиг хийж явуулсан сумын хоёр даргад тус бүрийг нь арван жилээр хорих ял оноов. Харин гарын үсэг зурсан хүний эмч Тогтохжаргалыг нь шийтгээгүй, тэр залуухан хүн байлаа.
 
Хэрвээ Галсан төлөөлөгчийг алаагүй бол тэр гуравт хүнд ял өгөхөөргүй байв. Учир нь хүн алах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж, хуурамч бичиг хийж өгсөн сумын хоёр даргад өгсөн ялын хугацааг бодоод үзэхэд тодорхой байгаа юм.
 
МАХН Цэдэв зээрэмбийг хэлмэгдүүлсэн гэж зарм хүн бичдэг боллоо. Тэр ламыг хэлмэгдүүлээгүй. Харин хүн алсны нь хувьд тухайн үеийн хуулиар зохих шийтгэлийг оноон гүйцэтгэсэн юм. Дотоод яам илтгэлдээ Цэдэв зээрмбийн хэргийг илрүүлсэн тухай нэлээд дурддаг байв. Тэр бол 1940-1950-иад онд гарсан томхон хэрэг байсан байх шүү.
 
 
С.Товуудорж