sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /Би-Би-Си/. 15 настай охиныг бүлэглэн хүчирхийлж, улмаар амь насныг нь хөнөөсөн гурван этгээдэд Энэтхэгийн шүүх цаазын ял оноосон тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.
 
20 орчим насны гурван этгээд нь өнгөрсөн оны долдугаар сард охиныг бүлэглэн хүчирхийлсэн аж. Энэтхэгийн шүүх энэ сарын 18-нд тэдэнд цаазын ял оноосон гэнэ.
 
Хохирогч болон гэмт этгээдүүд нь Энэтхэгийн Копарди тосгонд амьдардаг байжээ. Хэрэг гарсны дараа тус тосгоны оршин суугчид бэлгийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхийг уриалж, шаардсан эсэргүүцлийн жагсаалыг удаа дараалан хийсэн байна.
 
Энэ хэргийг 2012 онд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод 22 настай эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, хөнөөсөн хэрэгтэй адил “зэрлэг балмад хэрэг” гэж энэтхэгчүүд үзэж байна.
 
Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд ихээхэн анхаарлаа хандуулах болсон юм. Гэсэн хэдий ч тус улсад жилд бэлгийн хүчирхийллийн хэрэг хэдэн мянгаараа гарсаар байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг