sonin.mn
Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөн энэ оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр УНТЭ-ийн хурлын танхимд болж өнгөрлөө. Улс орны ирээдүй, хойч үе болсон хүүхэд, багачууд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хариуцан ажиллаж буй сургууль, цэцэрлэгийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах, анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох үүднээс манай улсад анх удаагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачлан, амжилттай зохион байгууллаа.
 
Энэ удаагийн зөвлөгөөнийг “Ирээдүй хойчийнхоо эрүүл мэндэд анхааръя” уриан дор тулгамдаж буй асуудлаа ярихаасаа илүү гарц, шийдэл, шинэлэг мэдээллээ хуваалцлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд сар бүрийн 2-ны өдөр сургууль, цэцэрлэгийн эмч нар онлайнаар хоорондоо ) холбогдож мэдээллээ шинэчлэх, харилцан туршлага солилцон эргэх холбоотой ажиллахаар болжээ. Цаашид энэхүү сургалт, хэлэлцүүлгийг уламжлал болгон жил бүр зохион байгуулах аж.
 
УНТЭ-ээс санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээг ЭМЯ, БСШУСЯ, нийслэлийн боловсролын газар, НЭМҮТ, СЭМҮТ, ЦЕГ, БЗД-ЭМТ, Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Эмнэлзүй Анагаах Ухааны академи тус тус дэмжин ажилласан байна.
 
Зөвлөгөөнийг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ “Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн эмч нарт өвчнөөс урьдчилан сэргийлэх, боловсрол, мэдлэг олгох энэ талын идэвхтэй менежмэнт, нэгдсэн бодлого, нотолгоонд суурилсан мэдлэг дутмаг байна. Үүний илрэл нь гуравдугаар шатлалын эмнэлэгт хандаж буй хүмүүсийг харахад 40 орчим насны, хийж бүтээх ид насандаа яваа залуус ихэнх хувийг эзэлж байна.Тиймээс бид анхан шатнаас нь эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох нь зүйтэй юм гэж үзэн УНТЭ-ийн зүгээс санаачлан сургууль, цэцэрлэгийн эмч нарын дунд зөвлөгөөн зохион байгуулж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж байна. Мөн өнөөдөр тулгамдаж буй асуудлаа ярихаас илүү шийдлээ хэлэлцэх том боломжийг нээж байна. Сургалт, зөвөлгөөнөөс эмч нар маань их зүйлийг өөртөө шингээж, түүнийгээ ажил, амьдралдаа хэрэгжүүлээрэй хэмээн хүсмээр байна” хэмээлээ.
 
СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч, АШУИС-ийн багш Р.Энхтүвшин:
 
-Өнөөдөр хүүхдүүдийн дунд интернэт орчин, дэлгэцэнд донтох явц өсөх хандлагатай байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж анхаарал хандуулах шаардлагатай. Судалгаанаас харахад нэгдүгээрт, эцэг эхчүүд сэтгэл түгшүүрийн асуудлаас салах гээд, хоёрдугаарт залуу гэр бүлийн хувьд хүүхдэд утсаа өгч саатуулах гээд байдаг болж. Утас авсан хүүхэд хүүхэлдэйн кино юм уу, өөр юм үзээд нэгээс хоёр цаг дуугүй болно. Үүнийг хүмүүжлийн арга гэж андуурах тохиолдол байна. Энэ нь хүүхдүүд дэлгэцэд донтох, бусад төрлийн эрсдэлийг дагуулж байна. Сэтгэлзүйн сөрөг нөлөөллөөс гадна нийгмийн асуудлууд гарч ирнэ. Ийм хүүхдүүд хариуцлага хүлээх чадваргүй, өөрийгөө хянах, сургуульд суралцах дургүй, өөртөө анхаарал хандуулах чадвар сулрах зэрэг олон талын сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Жилд 250-300 хүүхэд сэтгэцийн эрүүл мэндийн хүүхдийн тасагт эмчлүүлдэг. Үүний 25 хувь нь компьютер тоглоомонд донтох хамааралтай хүүхдүүд ирж байна.
 
НЭМҮТ-ийн хоол хүнс судлаач Б.Туул:
 
-Цэцэрлэг,сургуульд өгч буй хоол нь хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээг хангаж чадвал хүүхэд эрүүл хэвийн өсч суралцах чадвар нь дээшилдэг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 113 дугаар тушаалын дагуу тооцон олгож байна. Цэцэрлэгт хүүхэд өдөрт 4 цагийн зайтай 3 удаа хооллох бөгөөд ямар нэг хоол тэжээлийн хамааралтай эмгэгтэй бол 4-5 удаа хооллоно.
 
Голландын Кронингений их сургуулийн судлаач, ДЭМБ-ийн ажилтан Б.Оюунтуяа:
 
-Би магистрийн ажлаа “Агаарын бохирдол суралцагчдын эрүүл мэндэд нөлөөлснөөр сургалтын чанар буурах нь” сэдэвт судалгаа хийсэн. Нийтдээ Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан- Уул дүүрэг болон нэг дүүргээс дөрвөн сургууль, дөрвөн эмнэлэг, дөрвөн цэцэрлэг сонгон судалгаа явуулсан. Судалгааны үр дүнд гэр хороололд байгаа хүүхдүүд агаарын бохирдолд илүү их өртөж, зарим хүүхэд хоёр сараар эмнэлэгт хэвтсэнээс болж сургуулиасаа хоцрогдсон байв. Энэ үед эцэг, эх нь ажлаас чөлөө авах зэрэг гэр бүлийн эдийн засагт мөн нөлөөлдөг. Иймд агаарын бохирдол хүүхдүүдийн сурч мэдэх, эрүүл амьдрах эрхэд нөлөөлж байна. Хүүхдийн бие нь бүрэн хөгжөөгүй байдаг учраас жижиг тоосонцрууд цусанд нэвчих сөрөг нөлөө том хүнийхээс илүү байдаг. Нэгэнт агаарын бохирдлоос салж чадахгүй байгаа энэ үед бид маск байнгын зүүж хэвших, илчлэг сайтай хоол идэх, амралтын өдрүүдэд аль болохоор хотоос гарч цэвэр агаарт гарах хэрэгтэйг зөвлөмөөр байна.
 
 
У.Орхон 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин