sonin.mn
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 29 гэр бүл хүчирхийлэл үйлдэгдсэнээс 30 хүн сэтгэл санаа, бие махбодоор хохирч, 27 нь гэмтжээ. 
 
“Хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдье” 16 хоногийн аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Төв аймаг дахь салбараас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Зөв залуус” клуб, “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгах зорилготой 30 гаруй аав нэгдэн “Сайн аав” сургамжит уулзалтыг аймгийн Хүүхэд, залуучуудын ордонд зохион байгуулав.
 
Насанд хүрэгчид ба хүүхдүүдийн жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрүүд шалтгаан нөхцөл байдлын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх салбар зөвлөлийн үйл ажиллагаа болон  жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн хөтөлбөрт тодорхой ажлуудыг тусгуулан хэрэгжүүлэхэд аяны зорилго оршиж байгаа гэж аймгийн Хүчирхийллийн эсрэг хөтөлбөрийн зохицуулагч Л.Оюунчимэг  хэлсэн юм.
 
Аяны хүрээнд аавууд хүүхэд, охид, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалж үргэлж хүндэтгэн хайрлахыг бусад аав нарт уриалах үүднээс сургамжит уулзалтыг зохион байгуулсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
 
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг