sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Улсын Дээд шүүхээр 2015 онд өндөр настны амь насыг хохироосон гэмт хэргийг дахин хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг 20 жил болгон, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
 
Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг, өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсныг манай сайт тухайн үед нь мэдээлж байсан. Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг үйлдсэн гэмт этгээдийг 24 цагийн дотор илрүүлсэн, 70 настай талийгаач эмээг ач охинтой нь үерхдэг байсан залуу шунахайн сэдлээр хөнөөсөн болох нь тогтоогдсон талаар мэдээлсэн. Сэжигтэн Б нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрсөн, 24 настай залуу байв. Сэжигтэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр сэжигтэн Б нь талийгаач З-гийн гэрт хоёр удаа очсон болон талийгаачийн гэрийн орчим хог түүж байсан иргэн Г-д өмсөж байсан хувцсаа өгч буй нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байв. Уг хэрэгт анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял оногдуулсан байсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг Германд амьдардаг талийгаачийн охин Х.Од хүлээн зөвшөөрөлгүй уг  шийдвэрийг гаргасан Монгол Улсын шүүхэд гомдол мэдүүлж байсан юм. Өнөөдөр Улсын Дээд шүүхээр уг хэргийг хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг 20 жил болгон, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг