sonin.mn
-Буруу түшмэдэд төрийн нүүрийг харуулмаар байвал авлигалын эсрэг ажиллах иргэдийн орон тоог нэмж өгөх хэрэгтэй
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоодугаар сарын 24-ны өдөр улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүд, тэдний хамаарал бүхий хүмүүст хандан офшорт байгаа хөрөнгөө 49 хоногийн хугацаанд оруулж ирэхийг үүрэгдэн. Гэвч өдгөө нэг ч хүн биелүүлээгүй.
 
Тэгвэл заасан хугацаанд офшороос хөрөнгөө татаагүй эрхмүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэсэн асуулт байсан. Тэгвэл яг энэ асуудлаар АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрийн байр сууриа Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд болон гишүүдэд илэрхийлсэн юм.
 
Тэрбээр "Төрийн албанд ажиллах иргэдийг томилогдохоос нь өмнө ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоодоггүй нь гол зөрчил болж байгаа. Хөрөнгө оруулгын мэдүүлгийг авахад цахим систем ашигладаг болсноор 900 гаруй мянган цаас хэвлэхээ больсон.Ер нь бол 2018 он гараад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авах ажлыг цахимжуулна. Дөрөвдүгээр сарын 13-нд ашиг сонирхлын хуульд нэмэлт өөрчлөлт орсон. 
 
Хуулийн дагуу 2018 оны хоёрдугаар сарын 03-ны дотор офшор бүсээс хөрөнгөө татаж эцсийн байдлаар мэдээллээ ирүүлэх ёстой. Гэхдээ офшор бүсээс хөрөнгө татах хугацааг Засгийн газраас өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл энэ хугацаа хойшилно гэсэн үг. Ерөнхийлөгч офшороос хөрөнгө татах 49 хоногийн хугацаа өгсөн. Үүний дагуу мөнгөө оруулж ирсэн хүн байхгүй. Мөрдөн байцаах хэрэг 157-оор өсөж 387 болсон. Арванхоёрдугаар сарын 08-нд олон нийтийн дэд төвийг нээнэ.
 
Буруу түшмэдэд төрийн нүүрийг харуулмаар байвал авлигалын эсрэг ажиллах иргэдийн орон тоог нэмж өгөх хэрэгтэй. Хувийн ашиг сонирхлын зөрчлийг хянуулалгүйгээр төрийн албанд иргэдийг томилж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох заалтыг Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 29-д оруулж өгөх хэрэгтэй. Офшорын тодорхой бүсүүдийг зарлачихсан. С.Баярцогттой холбоотой асуудлууд гүнзгийрч байгаа. УИХ-ын гишүүдээс эхлээд Ц.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байгаа.
 
Офшорт байгаа хөрөнгөө татвараас нуусан уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Тухайн шалгуулж байгаа хүн өөрөө эхлээд офшорт байгаа хөрөнгийнхөө талаар мэдээлэх боломжтой. Хэрвээ өөрөө мэдээлэл өгөхгүй бол бид шалгалт явуулна" гэлээ.
 
Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Аймгуудад салбар нэгж байгуулахыг дэмжиж байна. Мөн авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй. Цаашид Авлигатай тэмцэх газар судалгаа, шинжилгээнд суурилж ажиллах нь чухал” гэдгийг онцлон хэлсэн.
 
Яг үнэндээ офшорын асуудлыг шалгахын тулд АТГ-ын гадаад харилцаа, мөн авлигын эсрэг ажиллах иргэдийн орон тоог ч нэмэх зайлшгүй шаардлагатай гэдэгтэй хүн бүр санал нийлнэ.
 
Тухайлбал, Монгол Улсаас давхардсан тоогоор 49 хүний нэр яригдаж байгаа төдийгүй 17 тэрбум ам.доллар офшор бүсэд байгаа эсэх нь одоог хүртэл нотлогдоогүй хэвээр. Энэ бүхнийг АТГ-ынхан нотлох ямар ч боломжгүй учраас одоог хүртэл Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг нэг ч хүн биелүүлсэнгүй гэж хэлсэн хэрэг. Учир нь Авлигатай тэмцэх газар 20 гаруй улстай эрх зүйн туслалцаа авахаар хамтран ажилладаг ч гадаад харилцааны төсөв мөнгө байдаггүй учраас энэ талаар мэдээлэл авах хэмжээнд хүрээгүй аж.
 
Түүнчлэн офшортой тэмцэх урт нэртэй хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдаж гурван сарын дотор албан тушаалтнууд офшор бүсээс мөнгөө оруулж ирэх зохицуулалтыг хийсэн ч энэ нь бас л үр дүнгээ өгөөгүй. Тодорхой хэлбэл, хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хуулиар хориглоно.
 
Түүнчлэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банканд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байдаг юм. Хэрвээ олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн офшор дансны мэдээллийг дэлхий нийтэд дэлгэж тавиагүй бол бид энэ асуудлыг мэдэхгүй өнгөрөх байсан.
 
Хэдийгээр энэхүү мэдээлэл ил болсон ч хаана хэн ямар бүсэд хэдий хэрийн хэмжээний мөнгө хадгалуулсан бэ гэдэг нь бүрхэг. Монголд офшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрсөн улстөрч бол УИХ-ын гишүүн асан С.Баярцогт. Тэрбээр офшор данстай нь илчлэгдсэний дараа УИХ-ын дэд даргын суудлаасаа огцорсон. Түүний албан тушаалаа өгөх болсон шалтгаан нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дээрх дансныхаа тухай дурдаагүй үлдээснийх.
 
С.Баярцогтыг албан тушаалаа өгсний дараа олон нийтийн зүгээс Монголын офшорчдод хариуцлага тооцох зөвхөн эхний алхам боллоо хэмээн сайшааж бусад хүмүүсийг ч өөрсдийгөө сайн дураараа илчил хэмээн жагсаал цуглаан болж байсан удаатай. Харин гаднын улс орны улстөрчид офшорт данстай гэдэг нь ард түмэнд нь мэдэгдвэл өөрсдөө сайн дураараа албан тушаалаасаа огцорч, ард түмнээсээ уучлал гуйдаг.
 
Учир нь улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс офшор данстай байхыг дэлхий нийтээрээ төдийгүй ард түмэн нь таашаадаггүй. Нууц офшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг. Энэ нь улстөрчид хууль бусаар олсон орлого, магадгүй авлига, хээл хахуулийн мөнгөө офшор дансанд байршуулдаг гэсэн илэрхий хардлага байдаг учраас гаднын улстөрчид шууд огцордог гэдгийг бид өдөр болгон л харж байна.
 
Ямартай ч одоогийн парламентын нэр бүхий гишүүд болон АН, МАН-ын гишүүд, тэдний үр хүүхэд олноороо офшорт данстай гэдэг мэдээлэл гараад удаж байгаа ч энэ асуудлыг сөхөх, ярих дургүй. Тухайлбал, офшор данстай улстөрчид бүр эсрэгээрээ УИХ-ын гишүүн, сайд, дарга болоод явж байгаа нь хөдөлшгүй үнэн. Мөн өнгөрсөн Засгийн газрын үед офшорын асуудал сөхөгдөж байхад АН-ынхан “хөөх танайхан олон байна” гээд уг асуудлыг хөөргөн хаа сайгүй хар пиар хийж байсан цаг саяхан.
 
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч эхлээд офшорын асуудлыг шалгахын тулд АТГ болон хууль хяналтынхны гадаад харилцааг сайжруулж тухайн улс орон руу мэргэжлийн хүмүүсийг нь томилж нарийвчилсан ажиллагааг хийвэл илүү үр дүнд хүрэх байх биз ээ.
 
 
Р.Төгс
Эх сурвалж: "Өглөөний сонин"