sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-аас Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин суугч БНХАУ-ын иргэнийг монгол залуус хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсны мөрөөр гэмт хэрэгтнүүдийг баривчлан шалгаж байна.
 
Гурав хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 4-нд гарсан хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж, гэмт этгээдүүдийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчдын хамт  шуурхай ажиллагаа явуулан баривчилжээ.
 
Хятад иргэний аминд хүрсэн этгээдүүд нь 1992-1995 онд төрсөн Дорнод аймгийн харьяат Ч, Т, П, Т гэх залуус юм байна. Талийгаач В.Л гэгч нь Дорнод аймагт хувиараа бизнес эрхэлдэг байв. Гэмт этгээдүүд нь 43 настай талийгаачийг эхлээд  хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдэж дараа нь амь насанд нь хүрчээ. Тэрчлэн 31 настай, орчуулагч  хятад эмэгтэйг Г.Д гэгч хүчирхийлсэн ноцтой хэрэг үйлджээ. Эрүүгийн хуульд зааснаар бүлэглэн барьцаалж бусдыг хөнөөсөн гэж буруутган дээрх хэргийг цагдаагийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг