Авлига бол Эрүүл мэндийн салбарт үүссэн хорт хавдар. Одоогоор эмчлэх аргыг судалж, туршиж байгаа ч үр дүн тун бага. Өвдсөн, өвчилсөн хэн бүхэн эмнэлгийн хаалга татмагцаа эмчийн rap дээш харуулахгүй бол үхлийн хоногоо тоолж суухаас аргагүй нөхцөлд амьдарч суугаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн.
 
Эмч нь албан үүргээ биелүүлснийхээ төлөө хууль бус шан харамж авах нь авлига гэдгийг хүн бүр мэднэ. Монгол Улсын хамгийн өндөр хээл хахуультай салбаруудын жагсаалтыг эрүүл мэндийн салбар тэргүүлж байна.
 
Энэ салбарын удирдлагууд авлигын хэрэгт холбогдож, “аав”-ын хаалга татсаныг нь жишээ болгон дурдаж болно. Тэгвэл тус салбарын удирдах ажилтны авлига авсан хэргийг саяхан хэрэгсэхгүй болгожээ.
 
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Оюунчимэг нь Эрүүл мэндийг дэмжих сангийн 2012-2013 оны хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах”, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгөөс 14,598,750 төгрөгийг хувьдаа завшиж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
 
Гол нь хөрөнгө завшсан нь ийн тодорхой атал хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Д.Оюунчимэг 7,694,000 төгрөгийг 2014 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийг дэмжих санд буцаан тушааж, 5,470,000 төгрөгийг 2015 оны гуравдугаар сарын 19-нд АТГ-ын дансанд нөхөн төлсөнтэй холбоотой юм байх.
 
Товчхондоо зувчуулсан нь баригдаж, хуулийн байгууллагад шалгуулмагц нөхөн төлөөд л гүйцээ гэнэ. Хэрэв хэрэг илрээгүй бол зувчуулснаараа дуусаж, улс хохирдгоороо хохироод үлдэх байж. Өдгөө энэ салбарын эрх мэдэл бүхий албан тушаалтан, мэргэжилтнүүд хээл хахуульгүй бол хуруугаа ч хөдөлгөдөггүй гэх хардлага олон нийтийн дунд байсаар байгаа.
 
Ямартаа л хамгийн том газрынх нь дарга улсын мөнгөнөөс хэдэн зуун саяар хулгайлсан нь тогтоогдсон ч яаж ийж байгаад албан тушаалдаа үлдэж, улмаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон нь гайхалтай. Баригдахгүй бол идээд, баригдчихвал буцааж төлөөд л болдог бол Төрийн албан хаагчид минь бүгд авлига авч баймаар юм биш үү. Нөгөө шударга ёс чинь хаана байна аа, Ерөнхий сайдаа.
 
Та уг нь хулгайч нартай ажиллахгүй гэдгээ улс орон даяар цуурайттал хашхирсан. Тамгаа авахдаа ч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх, төрийн албан хаагчийн ажлыг дүгнэх, хариуцлага тооцох, урамшуулах зэрэг асуудлаар гаргасан “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө дуулгасан биш бил үү. Харамсалтай нь, үг, үйлдэл тань зөрж, хулгайчид тоонот гэрт тань орогнож байна.
 
Нөгөө шударга ёс чинь хаана байна аа, Ерөнхий сайдаа.
 
 
Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн яамны удирдлагаас 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэрүүдийг нь хянаж, хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Тухайлбал, төслийн найман ажилтны цалингийн хэмжээг тогтоох, Филиппин, Япон, Бангладеш, Вьетнам улсад туршлага судлах, аялал, хуралд найман мэргэжилтэн оролцуулах, санхүүгийн ажилтны сургалтын зардалд 5.3 сая төгрөг олгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлын зардалд 1.8 сая төгрөг зарцуулах зэрэг тушаалыг гаргахдаа захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй эрх зүйн актаар төсвийн мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн.
 
Мөн 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт алба хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон. Зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байгаа.
 
Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны А/69, 2016 оны А/2 дугаар тушаалаар тус төвийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг, мөн төвийн барилгын ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг төрийн бус байгууллагын хяналтгүй байгуулж, иргэний хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй. Түүнчлэн тус төвийн захирал 2015 оны А/01 дүгээр тушаалаар төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь холбогдох хууль болон төвийн дүрмээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн.
 
Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд өндөр хяналт тавих учиртай ёс зүйн хяналтын хороо нь ихэвчлэн сургалт зохион байгуулах, орон нутгаас тайлан мэдээ гаргуулах, аян зохион байгуулах, бүрэлдэхүүн батлах зэргээр ажилладаг зөрчил дутагдлыг илрүүлсэн байгаа. Гэвч энэ бүх зөрчил, дутагдлын хариуцлагыг хүлээсэн эзэн, хариуцагч өнөө хэр алга. Хэдий өмнөх Засгийн газар, өмнөх сайдын үеийн алдаа дутагдал ч гэлээ ийм ёс зүйгүй, уваагүй, луйварчин албан хаагчидтай үргэлжлүүлэн ажилласаар байх уу.
 
Д.Сарангэрэл сайд аа, Эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал бий ч гэлээ, эхлээд  хариуцлагагүй, зөрчилтэй, авлигачин албан тушаалтнаас салах нь зүй ёсны арга хэмжээ байлтай.
 
С.Уул
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"