sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд буй Б.Хурцад холбогдох асуудлаар маргааш буюу баасан гарагт 10.00 цагаас Төрийн ордонд Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдэгдлээ. Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой УИХ-д ирсэн бүх гомдлыг уншиж танилцуулан, түүнээс шалтгаалан хохирсон гэх Д.Энхбат агсан, Д.Цогтбаатар нарын ар гэрийнхэн оролцоно гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Хурцтай холбоотой олон гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэнтэй холбогдуулан томилгооны сонсгол хийх хүсэлт гаргаад сар гаруй хугацаа өнгөрч байгааг мэдээллийн эхэнд онцлов. Түүнчлэн "Хуулийн дагуу томилгооны сонсголыг байнгын хороо зохион байгуулах ёстой байтал АБГББХ, Сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг томилгооны сонсгол хийхээс цааргалж, бултаж байна. Ерөнхий журам гарсан байхад нарийвчилсан журам байхгүй гэсэн ойлгомжгүй шалтгаанаар хойшлуулж байна. Б.Хурцтай холбоотой ирсэн гомдол бүрийг хэлэлцэх ёстой байтал эрх бүхий байгууллага нь зугтаж байгаа учир сонсгол хийх санаачилга гаргасан гишүүд бид өргөдөл ирүүлсэн иргэдийг байлцуулан Нээлттэй хэлэлцүүлэг хийх боллоо. Б.Хурцаас болж хохирсон, хэлмэгдсэн бүх хүмүүст энэ сонсгол нээлттэй" гэсэн юм. Өөрөөр хэлбэл маргааш Төрийн ордонд зохион байгуулах Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан бүх иргэнийг урьж байгаа бөгөөд энэ хүрээнд Дамирангийн Энхбат агсан болон ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар нарын гэр бүлийнхэн ирж оролцох аж. Мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн иргэдийн ар гэрийнхэн, хууль бусаар тагнах, чагнах ажиллагаанд хохирсон хүмүүсийг урьсан бөгөөд Б.Хурцтай холбоотой ирсэн бүх гомдлыг уншиж танилцуулна гэлээ.  
 
УИХ-ын гишүүн Л.Болд "Би энэ асуудлыг зөвхөн нэг хүнтэй холбоотой зүйл гэж бодохгүй байна. Харин 1992 оноос ирсэн ардчилал оршин тогтнох уу гэдэг асуудал яригдах дээрээ тулж байна. Сүүлийн жилүүдэд нийгэмд гарсан шударга ёсны ухралт, хүний эрхийн гажуудлыг бид ухаж ярих болсон. Ингэхгүй бол бид хүрсэн дэвшлээсээ ухрахад хүрч байна. Үндсэн хууль руу хийж буй дайралтаар Үндсэн хуулийг хумьж, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хумьж, хүний эрхийг боомилсон, ард түмнийхээ баялгийн эзэн байх бололцоог хаасан, хууль хүчний байгууллага нийгмээ барьсан ийм тогтолцоо руу орохоор зэхэж байна. Энэ бол маш том зохион байгуулалттай бүлэглэлийн ажил гэдэг нь харагдаж байна. Өнөөдөр хэдэн улс төрч, бизнес эрхлэгчид золиосонд явж байгаа бол маргааш монголын үр хойч бүгд энэ золиосонд явах гэж байна. 1990 оны тэмцэлд бид дахин ирлээ. Монгол Улс парламент засаглалтай байх эсэх, парламент ард түмний төлөөлөл болж, төрийн эрх барих дээд байгууллага байх уу үгүй гэдгийг сонгох том сонголтын өмнө ирсэн байна. Энэ бол тоглоом биш, хувь заяаны сонголт. Энэ бол ард түмний тэмцэл. Энд сэтгүүлчид, хүний эрхийн байгууллагууд бүгд нэгдэж, монгол хүний эрхийн төлөөх тэмцлийн эхлэл болсон маргаашийн сонсголд хүрэлцэн ирэхийг уриалж байна. Бидэнд тусгаар тогтносон Монгол Улсдаа амьдрахгүй бол амь нас хэрэггүй. Үүний төлөө бид нэг хүнтэй биш энэ том бүлэглэлтэй тэмцэх гэж байна. Бид Үндсэн хуулиа хамгаалж, баялгийн эзэн байх эрхээ олж авна. Хэдхэн хүний эрх ашгийн төлө Үндсэн хуулийг уландаа гишгэж, УИХ-ыг тоглоом болгож байна. Монголын парламент барьцаалагдчихаад байна. Бүгд нуувчинд орчихлоо. Ард түмний төлөө ярих хүн байхгүй, хэн дуртай нь гарч ирээд юу дуртайгаа хийдэг, таны өмчийг, үр хүүхдийн өмчийг булаадаг болж байна. Булаасан өмчийнхөө ашгаар хэнийг ч, юуг ч худалдаж авах чадалтай болчихоод байна. Бидний дуу хоолой хаалттай байгаа ч энэ тэмцэл маш чухал шүү" хэмээв. 
 
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 
 
-Б.Хурцын томилгооны асуудлаар Өргөдлийн байнгын хороо судлах зүйл байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ талаар?
 
-Энэ бол ганц хүний асуудал биш. Монголын 10 иргэн өргөдөл гаргаад олон сар болж байгаа. Байнгын хороо өөр байнгын хороонд шилжүүлчихсэн, хэлэлцэх сонирхолгүй байгаа. Өргөдлийн байнгын хороо 900 хүн өргөдөл гаргавал хэлэлцэнэ гэж байна. 10 иргэн хэлмэгдсэн тухай ярьж байхад дахиад 900 гомдол аваад ир гээд сууж байгаа байнгын хороог хэлэлцэнэ гэдэгт итгэхгүй байна. Энэ УИХ, гишүүд нь барьцаалагдчихсан, гэмт бүлэглэлийн атганд орчихсон, эрүүл ухаанаар шийдвэр гаргаж чадахгүй юм байна. Тийм учраас бид хэдий цөөн ч тэмцлээ үр дүнд хүртэл явна.    
 
-Хэрэв нээлттэй сонсгол явуулбал хууль зөрчих гэж байна хэмээн Өргөдлийн байнгын хорооны дарга ярьж байсан?
 
-Өргөдлийн байнгын хороо шаардлагатай гэж үзвэл бүрэн эрхийнхээ хүрээнд хийж болно. Гэхдээ 900 өргөдөл шаардсан журмыг хэрэгжихийг хүлээвэл ойрын хугацаанд сонсгол явахгүй нь тодорхой. Тийм учраас бид УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд сонсгол хийнэ. УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь барьцаанд байгаагаа хэлж байна. Б.Хурцыг дэвшүүлэн зайлуулах гэж байхад яагаад садаа болоод байгаа юм бэ гэж байна. Элчин сайд бол амралт биш. Хүн хулгайлж авч ирсэн, албан тушаалтнуудыг дарамталдаг, барьцаалдаг хүнийг Монголыг төлөөлөх Элчин сайдаар томилох гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. 
 
-Нээлттэй сонсгол томилгоонд нөлөөлөх үү?
 
-Томилгоонд 100 хувь нөлөөлнө гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ нээлттэй сонсгол хийх нь зүйтэй. Асуудлыг хаалттай биш нээлттэй хэлэлцэж явуулах ёстой гэсэн бидний зарчмын байр суурь хэвээр байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг