sonin.mn
Өнгөрсөн баасан гариг /2018.1.19./-т “…О.Баасанхүүг МАХН-ын даргаас бүрт­гэхээс татгалзлаа” гэ­сэн мэдээлэл нэвт яв­лаа. Учир нь Улсын Дээд шүүх МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хэсэг хүний хүсэлтийг хэлэлцжээ. Ингээд тэд­ний хүсэлтийг хууль зөрчсөн байна гэж үзээд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Үнэнийг хэлэхэд, энэ асуудал өнгөрсөн оны сүүлчээс эхлээд хэдэн сарын турш олны анхааралд байсан юм.
Их тэнгэрийн аманд нэг уулзалт, Төрийн ордонд бас нэг хурал хийгээд МАХН-ын дарга Н.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь О.Баасанхүүг тохоон томиллоо гэцгээсэн юм. Энэ мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ч маш сайн тараасан.
Гэвч эдгээр хурал, уулзалтууд нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод тус намын гишүүд оролцоогүй байдаг юм. Энэ хурал, уулзалтуудтай холбоотой өөр бас бус зөндөө ноцтой юм дуулддаг.
Харин Улсын Дээд шүүх дээрхийг авч хэлэлцээд МАХН-ын “шинэ” даргыг  бүртгэх хүсэлт нь тус намын дүрмийн хоёр заалт, Улс төрийн тухай намын тухай хуулийн нэг заалтыг зөрчсөн байх тул бүртгэх боломжгүй гэсэн байгаа юм.
Гэтэл мэргэжлийн хуульчид МАХН-ыг авах гэсэн оролдлого хийж, Их тэнгэр, Төрийн ордонд хуралдахдаа хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн болохыг тогтоосон байдаг. Тодруулж хэлбэл, дээрх хүсэлт нь Үндсэн хуулийн 14.1, 16.10, 16.14, 17.1.1, 17.1.2, Монгол Улсын Иргэний хуулийн 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 25, 26, 27, 30, 83, 84, 89, 92,93, 98, 99, 100,  122, 123, 230, 540, 54.1, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.1, 3.1, 186.1, 20.16.1, 22.1.1, 22.11.1, 23.3.1, Зөрчлийн тухай хуулийн 1.5, 2.2, 5.2, 5.2.1, 5.2.1.1, 5.2.1.2, 5.2.1.3,.5.2.1.4, .5.2.1.5, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 2, 8.1, 8.1.1, 8.3, 10, 11.1, 11.1.2, 11.2, 11.2.4, 15.1, 15.6, 19.1, 19.3, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 1.1, 3.1, 4.1, 5.1, 6.3, 6.4, 7.1, 7.4, 8.1, 8.5, 11.1, 11.1.2, 11.2,  11.2.2, 13.1, Улс төрийн намын тухай хуулийн 2.1, 3.1, 3.2, 4.1, 5.1, 5.1.2, 5.1.4, 5.1.5, 8.1, 8.2, 11.1, 11.2.5, 11.2.6, 11.2.7, 12, 13.1, 13.2, 13.2.1, 13.2.2, 13.2.3, 13.3, 13.4, 13.5, 13.6, 14.1, 14.1.2, 14.1.3, 14.1.4, 15.1, 16, 21.1, 21.2, 22, 24.1, 24.2 дахь зүйл заалтыг тус тус зөрчсөн байдаг юм байна.
Гэхдээ дээрх хурлууд болсны дараа О.Баасанхүү нар Улсын Дээд шүүхэд хандахад улс төрийн хүрээнд “…МАХН-ыг булааж авах гэсэн оролдлого яваад эхэллээ. Улсын Дээд шүүх эрх баригчдын даалгавраар МАХН-ын “шинэ” даргыг бүртгэх нь бололтой” гэсэн яриа, ойлголт тарсан. Тэгэхийг үгүйсгэж боломгүй явдлууд бас араас нь болж л байсан. Харин Улсын Дээд шүүх нөгөөх хүсэлтийг хүлээн авахыг татгалзсанаар байдал өөр тийш эргэсэн.  Олны ам ч өөр тийш эргэх шиг боллоо.
Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэр олон нийтэд шүүх байгууллагыг зөвөөр харуулсан үйл явдал болсон гэж ажиглагчид үзэж байна.
Ер нь бол сүүлийн жилүүдэд шүүх байгууллагын тухай таагүй ойлголт, сэтгэгдэл олон нийтийн дунд бий болсон. Бүр суурьшчихсан.
Ялангуяа томоохон улстөрчид, бизнесмэнүүдтэй холбоотой асуудалд шүүх байгууллага хэн нэгний дохио зангаагаар хөдөлчих гээд байдаг болсон гэж яригддаг болчихсон юм. Ийм маягаар шүүхэд итгэх итгэлд нөлөөлөхүйц эргэлзээ нийгэмд байдаг нь нууц биш.
Тэгвэл энэ удаагийн шийдвэр дээрх эргэлзээ, үл итгэх байдлыг ор мөргүй арилгадаггүй юм гэхэд ямар нэг хэмжээгээр зөв тийш нь эргүүлсэн үйл явдал болж байгаа юм.
Эцэст нь, эндээс нэг л зүйл харагдаж байгаа юм. Хамгийн гол нь шүүх байгууллага шударга ёсыг тогтоох үндсэн мөн чанараа алдчихаагүй байна.  Бас Улсын Дээд шүүхийн шүүгчид Төрд өргөсөн тангарагаа гээчихээгүй  юм байна гэдгийг харууллаа гэхэд болно.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин