sonin.mn
Өнгөрсөн зуны дэлгэр цагуудад сонгуульдсаар байгаад бидний зарим маань өвөл болдог, өвс тэжээл авдгаа мартчихжээ. Бас дээр нь Хурмаст тэнгэр хур бороогоо бага хайрлав. ХХААХҮЯам малынхаа  тоо толгой, цас зуд, өнгөрсөн жилийн нөөцтэй харьцуулахад 51 мянган тонн өвс, тэжээл сох дутсан гэж мэдээлэв. Яамнаас дутсан өвс, тэжээлийг гаднаас авах санал боловсруулан Засгийн газарт оруулж, дор нь 40 тэрбум төгрөг батлуулж авлаа. Дээр нь улсын нөөцөд байсан 6000 тн өвсийг үнэгүй тараахаар боллоо. Гэтэл байдал газар дээрээ ямар байна вэ? Энэ жилийн хадлангийн саруудад боодол өвсний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 500-700 төгрөгөөр илүү байсан нь үнэн. Шалтгаан нь энэ жилийн хадлан алслагдсан Дорнод, Сүхбаатар, Хэнтийн зүүн сумдаар л гарсан учир тээврийн зардалдаа гол өртөг нь шингэж өссөн байна. Хувиараа бригад гаргаж хадлан авсан хүмүүс, ААН-үүдийн тооцоогоор дээрх бүс нутгуудад 100 гаруй хадлангийн бригад гарч, 1000 гаруй хүн 300 гаруй техникээр 50-55 мянган тонн өвс бэлджээ. 8 сард киргиз хаман боогчоор боосон  боодол өвс 6000-7000 төгрөгийн үнэтэй байсан, өнөөдрийг хүртэл 1  ч төгрөгөөр өссөнгүй. Энэ намар хадлангийн талбай дээр 1 боодол өвсний өөрийн өртөг 3500-3800, Улаанбаатар хүртэл тээврийн зардал 1600-1700 болж, ААН-үүд ашиг болох 300 төгрөг нэмж 6000-6500 төгрөгөөр ирж байжээ. Өнөөдөр Улаанбаатар хотыг тойроод 20-оод ААН, хувь хүмүүсийн хадсан 30 гаруй мянган тонн өвс хураалттай, гүйлгээ байхгүй таг зогсчээ. Нөгөө сох дутлаа гээд байсан өвс нь зах зээл дээр байж л байсан болж таарч байна. Засгийн газарт хадлангийн хэмжээг худал мэдээлж, шийдвэр гаргуулсан байна. 
Хүйтэрч,  цас зуд нөмөрч болзошгүй байхад яагаад өвс гүйхээ болчихов оо? Энд ахиад л нөгөө ухаангүй ноён, ургашгүй албат нар балаг тарьсан байна. Яам тэнгэр ширтэж байгаад судалгаа гаргаж, Засгийн газар амраар нь байгаа хэдийгээ тарааж, гаднаас авахаар болжээ. 
ОХУ-ын Тувагийн БНУ манайхын бодвол бэлчээрийн мал цөөн. 2015 онд цаг хүндэрч өвс тэжээл дутагдаж болзошгүй асуудлыг  Засгийн газар нь хэлэлцэж, зэргэлдээ муж, тойргоос худалдан авах шийдвэр гаргах гэтэл хуралдаанд сууж байсан, тухайн үед Тувагийн Онцгой байдлын албаны даргын нэгдүгээр орлогч, дэд хурандаа Владимир Александрович Содном босч, энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, цаашид ч өвс, хадлан гаднаас авдаг муу зуршлыг дэмжихгүй гэдгээ хэлээд тавьчихаж. Шийдвэр ч Содномынхоор гарч, дотоодод байгаа өвс, тэжээлээ эргэлтэд оруулах арга хэмжээ авчээ. Содномыг тухайн үед хэвлэл, олон нийт дайрч давшилж байсан ч хойтон нь бүр хүйтэрч зуд турхан болсон ч тувачууд өвс тэжээл энд тэндээс ирнэ гэж найдалгүй, хадлан авч, ажралгүй давсан байна. Одоо Тувад хадлангийн асуудал гэж байхгүй болсон. 2011 онд ОХУ-д эдийн засгийн хориг тавигдах үед дотоодод тахианы мах, бяслаг, үхрийн мах эрх хомсдох үед Ерөнхийлөгч Путин хоригт нэгдээгүй орнууд руу хандалгүй, дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих зарлиг гаргаж байсан. Ойрын жишээ гэвэл ийм, асуудлыг ингэж шийддэг юм байна. 
Өвсний чанар гэж нэг асуудал байна. Импортын өвсийг тэвэр тэврээр нь өгөөд байхад малын өл дарахгүй байдаг бол Сүхбаатар, Дорнод зэрэг тал хээрийн бүсээс авсан өвснөөс ганц сэрээг өгөхөд малын нүд сэрвэлзээд ирдэг. Ийм чанартай байдаг учир энэ чигийн малын мах нь гойд амттайг Манжын хаан мэдэж, идээ, шүүсний торгон сүргээ Дарьгангад адгуулж, Хөлөнбуйрт хонио бэлчээрлүүлж байжээ. Зүүн тийшээ хил гарангуут хадлан хийх талбай өчнөөн байдаг ч хятадууд яагаад заавал Дорнодоос хадлан авах гээд үхэлдээд байдгийг бас бодож үзүүштэй. Өвсний шимийн тухайд манай дарга нар маний бичсэнд  итгэдэггүй юм аа гэхэд мал, бэлчээр мэддэг байсан малч өвгөддөө, үгүй ядаж Манжийн хаанд итгэх байлгүй дээ. 
Манай дарга нарын шийдвэрийн үр дүнд жамаараа явах байсан өвсний зах зээл доголдож, намаржин хөдөлмөрлөсөн хэдэн ААН шатаж, өл муутай гадны өвсөнд засгийн мөнгө урсч, зарим малчны тусламж горьддог зан ужгирч, дарга нар хэдэн оноо нэмэх шив дээ.  Амь тээлгэх гээд байгаа нөгөө импортын өвс нь ч дотоодын өвснөөс хямдгүй л ирж байна. Дээсэн дөрөөн дээр байгаа бензин тосны үнэ өсөхөөр дагаад өснө.
Засгийн газар, чиглэлийн яамд нэгийг нь аврах гээд нөгөөг нь алж байгаа шийдвэртээ засвар хийж, зах зээлд байгаа өвсийг борлуулах талаар арга хэмжээ авах үгүй юм аа гэхэд битгий оролцооч гэж хадланчид хүсч байна. 
 
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г.Чойжилсүрэн