sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-аас бусдын фэйсбүүк хаягаар хууль бусаар нэвтэрч, бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг илрүүлсэн талаар өнөөдөр сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид  фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг олзолж, тэдний найз нөхөд, хамаатан садан руу мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах үйлдэл хийдэг байсан бүлэг этгээдүүдийг  илрүүлэн шалгаж одоогоор 40 орчим хохирогчийг залилсан 10 хүнийг шалгаж байна. Гэмт этгээдүүд нь иргэдийн цахим хуудаст хууль бусаар нэвтрэхдээ утасны дугаараар буюу дараа төлбөрт 9911..., 9910..., 9909..., 8811... зэрэг дугаартай эздийн фэйсбүүк хаягийг олж, нэр болон паспорт дээр нь утасны дугаарыг хийж, нэвтрэн гэмт хэрэг үйлддэг байжээ. Дээрх 17-20 насны 10 хүнээс  Ш, Т, Н, Э, Д нарыг дайчлан баривчилж, гурвыг нь цагдан хорьж, 7 этгээдийг батлан даалтаар таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэж албаныхан  мэдээллээ. Тиймээс иргэд өөрсдийн цахим хаягийн аюулгүй байдлыг хангаж, нууц үгээ аль болох энгийн байдлаар хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас өгсөн өнөөдрийн мэдээллээр олон нийтэд сануулж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг