sonin.mn
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.
Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань сум, Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллав.
Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 19 дүгээр байранд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүүхэд угаалгын машинд гацсан дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хуучин Оросын тосгон” гэдэг газар 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 63 настай иргэнийг мөн өдөрт нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв.
Түүнчлэн Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ямаатын бөгс” гэдэг газар 02 дугаар сарын 13-ны өдөр 3 зорчигчтой суудлын автомашин Хархираа голын мөс цөмөрч суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,
– Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд 02 дугаар сарын 16-ны өдөр ачааны автомашин уулын бэл рүү унаж, айлын гэр дээр унах гээд байна гэсэн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид,
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор“ гэдэг газар 02 дугаар сарын 16-ны өдөр нэг зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн тус тус ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Баяр амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 30, объектын гал түймрийн 36, нийт 66 удаагийн дуудлагаар ажиллаж 6 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангав.
Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 3424 алба хаагч, 1082 нэгж тусгай зориулалтын автомашин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.