sonin.mn
Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцаа батлан хамгаалах салбарт ч эрчимтэй хөгжиж байгаа билээ. Үүний тодорхой илрэл нь Японоос Монгол Улсад суугаа ЭСЯ-нд Японы цэргийн атташе 2017 оноос анх удаа томилогдон ажиллаж байгаа юм. Түүхийн хуудаснаас үзэхэд тэртээ 1928 онд Япон улсын ЭСЯ-ны дэргэдэх Цэргийн атташе БНМАУ-д ирэх зөвшөөрлийг хүсч Монголын Засгийн газар виз олгосон байна. Харамсалтай нь Японы цэргийн атташегийн энэхүү хүсэлт ЗХУ, Коминтерний дарамт шахалтаас үүдэн биелэгдээгүй талаар “ XX зууны эхэн үеийн Монгол, Японы харилцаа” сэдэвт олон улсын ЭШХ-д доктор Г.Мягмарсамбуугийн тавьсан илтгэл оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байсан юм. Уншигч та бүхэнд илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монгол, Японы харилцааны түүхийн нэн ээдрээтэй үе нь 1920-иод оны сүүлч, 1930-аад оны эхэн үе болно. Энэ үед олон улсын харилцаа нэн түгшүүртэй болж, ЗХУ болон Япон улсын хооронд явагдаж байсан Алс Дорнод, Зүүн хойт Хятадад ноёрхлоо тогтоохын төлөөх өрсөлдөөн эцсийн, шинэ шатандаа орсон байв. Япон улсын зүгээс явуулж байсан улс төрийн бодлогын нэг чухал чиглэл нь БНМАУ болон түүнийг тойрсон Монгол угсаатнууд байв. Гэтэл ЗХУ-ын хувьд Японы улс төрийн бодлогыг хазаарлан зогсоохын тулд БНМАУ болон Манжуур дахь нөлөөгөө улам бэхжүүлэх шаардлагатай байв. Харин БНМАУ-ын удирдагчдын хувьд улс орныхоо аюулгүй байдлыг хангах үүднээс ЗХУ-тай тогтоосон найрамдалт харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээгээр Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудтай харилцаа тоггоох сонирхолтой байв. Эдгээр ашиг сонирхлын зөрчил нь Монгол, Японы хооронд харилцаа тогтоох гэсэн удаа дараагийн оролдлого бүтэлгүй болгоход хүргэж байсан бөгөөд үүний нэг нь Москвад сууж байсан Япон улсын ЭСЯ-ны Цэргийн атташе Комацубарагийн БНМАУ-д зорчих гэсэн оролдлого болно.
Япон улсын зүгээс ЗХУ-ын хараа хяналтад байгаа БНМАУ-д өөрийн албаны төлөөлөгчөө илгээж, тус улсын талаар үнэн бодитой мэдээлэл олж авахыг эрмэлзсээр байжээ. Энэ зорилгоор Манжуурт сууж байсан Японы консул Танака 1926 онд Улаанбаатарт очих зөшөөрөл хүссэн бөгөөд энэ хүсэлтийг Монголын тал хүлээн авч зөвшөөрөл олгожээ. Гэтэл ЗХУ болон Коминтерний зүгээс Монголын удирдагчдын шийдвэрт дургүйцэж, янз бүрийн дарамт шахалт үзүүлснээр БНМАУ-ын Засгийн газар Японы консулд виз өгч чадахгүй болсноо 1927 онд Японы талд дахин мэдэгдсэн ажээ. Иймэрхүү үйл явдал 1928 онд дахин болжээ.
Москвад сууж байсан Монголын ЭСЯ-аар дамжуулж Япон улсын ЭСЯ-ны Цэргийн атташе Комацубара БНМАУ-д хувийн журмаар долоо хоног зорчих зөвшөөрлийг 1927 оны зун хүссэн байна. 1928 оны 7 дугаар сард Москва дахь БНМАУ-ын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Гомбо, мөн Гапон нар Япон улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Мияакава, Цэргийн атташе Комацубара нартай уулзаж ярилцжээ. Энэ үед цэргийн атташе Комацубара БНМАУ-д зорчих зөвшөөрөл авчихсан байсан бололтой. Учир нь, уулзалтын үед Гомбо нар Мияакавагийн нэгэн асуултад хариулахдаа, Монгол улсын элдэв хэргийг Орос, Хятадаас мэдэж шийтгэж байна уу, Монголчууд өөрсдөө мэдэж шийтгэж байна уу? гэдгийг Комацубара манай улсад очоод “Биеэр үзэж, мэдэж ирэх буй за!” гэсэн нь Комацубара Монголд зорчих нь нэгэнт тодорхой болсон байсныг нотолно. БНМАУ-ын Элчин сайд Ц.Гүрсэдээс 1928 оны 7 дугаар сарын 10-нд ГЯЯ-нд явуулсан цахилгаанд, Япон улсын цэргийн атташе Комацубарад виз олгож, Алтанбулагаас цахилгаан тэргээр Улаанбаатарт аваачих тухай түүнд мэдэгдсэн болохыг нэн тэмдэглээд, энэхүү Комацубара, нь бага наснаас цэргийн элдэв тушаал хашиж явсан хүн тул хөнгөнд үзэж үл болох, Япон  улсаас манай улсыг хэрхэн үзэх, бодлого юу болохыг нэн сэрэмжилбэл зохих учир итгэлтэй хүнээр тосуулж, хамгаалж байгаа мэтээр цэргээр харгалзан, тусгай байшинд суулгаж, сонирхсон зүйлийг нь тусгай төлөвлөгөөгөөр үзүүлж буцаавал алин бүрт тустай болохыг сануулжээ.
Цэргийн атташе Комацубарад БНМАУ-д зорчих зөвшөөрөл олгосон явдлыг Япон улсын тал хоёр орны харилцаанд нааштай хандлага гарч байгаагийн илрэл хэмээн үзжээ. Москвад суугаа Япон улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Мияакава Ерөнхий сайд бөгөөд  Гадаад яамны сайд Танакагаас ирсэн цахилгааны талаар Москвад суугаа Монгол Улсын д ЭСЯ-нд мэдээлсэн нь үүнийг нотолно. Түүний мэдээлснээр, Япон улсын Ерөнхий сайд Танака, Монгол Улсын Засгийн  газар үүний урьд Манжуур дахь Япон улсын консулын Монголд зорчих хүсэлтэд татгалзсан хариу өгөхөд Монгол Улсын Засгийн Газар Япон улсад үл итгэж байна хэмээн үзсэн билээ. Гэтэл энэ удаа Цэргийн атташе Комацубарад зөвшөөрөл олгосон нь манай хоёр улсын хоорондох үл итгэлцсэн байдал үгүй болж, харилцаа холбоо тогтоох зам нээгдэж байгаагийн илрэл хэмээн итгэж буйгаа илэрхийлэн баяр хүргээд Манжуурт сууж буй консул Танакад мөн нэгэн адил зөвшөөрөл олгохыг хүссэн ажээ. Москвад суугаа Япон улсын Элчин сайдын яамны Цэргийн атташе Комацубара 1928 оны 7 дугаар сарын сүүлчээр Москвагаас галт тэргээр гарч Монголыг зорьжээ. Гэтэл БНМАУ-ын ГЯЯ-наас Япон улсын Цэргийн атташе Комацубарад олгосон зөвшөөрлөө 1928 оны 7 дугаар сарын 27-нд хүчингүй болгож, маргааш нь Зөвлөлтийн Элчин сайд Охтинд хүргүүлжээ. Зөвшөөрлийг хүчингүй болгосон шалтгааныг нэгд: Комацубара нь Монгол Улсад нэг долоо хоног энгийн аялаад буцна хэмээсэн атлаа Москад суугаа ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Гомботой уулзахдаа манай улсыг олон улсын яриа хэлэлцээнд татан оролцуулах тухай улс төрийн ноцтой үг хэлсэн, хоёрт, Япон улсын Засгийн газар ДИУ-ын Засгийн газартай зөрчилдөж байгаа энэ үед Япон улсын Цэргийн атташе Монгол улсад хүрэлцэн ирэх нь үл зохилдоно гэж тайлбарлажээ. Япон улсын Цэргийн атташе Комацубара, БНМАУ-ын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Гомбо нар 7 дугаар сарын 30-нд  Дээд-Үдээс галт тэргэнд суух гэж байтал БНМАУ-ын ГЯЯ- ны дээрх нотыг гардуулжээ. Цэргийн атташе Комацубара нот бичгийг хүлээн аваад, “Танай Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн ёсоор миний бие алс холоос Дээд-Үд хотноо хүрэлцэн ирээд танай илгээсэн бичгийг хүлээн авав. Үүнд санаваас, танай Монгол Улс болбоос бүрэн эрхт улс бөгөөтөл өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгосон төдийгүй бас манай Япон улсыг басамжилсан ба мөн танай ардууд лугаа ойртохыг эрмэлзэн бүхий манай Япон улсын ард олонд үл зохилдох саналыг ирүүлжээ. Иймд урьд олгосон виз болон энэ удаа ирүүлсэн бичиг хоёрын алинд итгэвэл зохих тухай дахин хариу ирүүлэхийг хүсэхээс гадна хэрвээ энэ удаагийн бичиг үнэн болбоос манай Япон улсын Засгийн газар итгэн хүлээж авч болохуйц шалтгааныг дурдана уу?” гэсэн бичгийг Улаанбаатар луу явуулжээ. Ингээд тэрбээр аяллаа үргэлжлүүлж, 7 дугаар сарын 2-нд Тройцкосавск хотноо хүрэлцэн иржээ.Монгол Улсын засгийн газар Комацубара Дээд-Үдээс буцалгүй Тройцкосавскийн зүг хөдөлсөн мэдээг хүлээн аваад ГЯЯ-наас  7 дугаар сарын 27-нд гаргасан нот бичгийн эхий Дрройсамбуу  хэмээх хүнээр Алтанбулагийн сайд Догсомд хүргүүлж, Монгол  Улсын засгийн газар өөрт нь олгосон визийг хүчингүй болгосон учир шалтгааныг найрсгаар тайлбарлаж, түүнийг Монголд ирэх зөвшөөрлийг энэ удаа түр түдгэлзүүлсэн боловч дараа цаг тухайг үзэж харилцваас аль алинд нь тустай болохыг мэдэгдэхийг сайд Догсомд даалгажээ. Япон улсын Цэргийн атташе Комацубара 8 дугаар сарын 1-нд Тройцкосавск буюу Дээд шивээ хотноо хүрэлцэн иржээ. Алтанбулагийн сайд Догсом 8 дугаар сарын 2-нд Дээд шивээ хотноо очиж, Цэргийн атташе Комацубаратай уулзаж, Монгол Улсын засгийн газраас тус улсад ирэх зөвшөөрлийг хүчингүй болгосон учир шалтгааныг тайлбарлав. Сайд Догсомын мэдэгдлийг сонсоод Комацубара нэлээд гайхан бодолхийлж байгаад, “Би учрыг бүрэн ойлгож мэдэв. Энэ тухай эрхэм ноён та биеэр ирж тайлбарлан хэлсэнд маш их баярлав" хэмээгээд бичгийн цүнхнээсээ нэгэн захидал гаргаж өгсөн нь Элчин сайд Гүрсэдээс Догсомын нэр дээр бичсэн “Япон улсын Цэргийн атташе Комацубараг сайтар хамгаалж, тусламж  үзүүлэн, хязгаар нэвтрүүлнэ үү?” гэсэн бичиг байжээ. Энэхүү  бичгийг өгөөд Комацубара,  “Учир явдал ийм болсон тул  миний бие хурдхан Москва  буцваас зохино” гээд 7 дугаар  сарын 30-нд БНМАУ-ын ГЯЯ-нд  явуулсан цахилгаан утасныхаа  хариуг шаардсан байна. Энэ тухай ГЯЯ-наас ямар нэгэн заавар аваагүй байсан тул сайд Догсом Хиагт хотноо буцан ирж, ГЯЯ-тай холбоо барьж хариуг аваад мөн өдрийн үдээс хойш гурван цагийн үед Дээд шивээ хотноо дахин очиж, “Сибирь” зочид буудалд байсан атташе Комацубаратай уулзжээ. Сайд Догсом, Дээд-Үдээс Таны явуулсан цахилгаан утсыг Монгол Улсын ГЯЯ хүлээн авсан бөгөөд Таныг Монголд зорчих зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн шийдвэрээ өөрчлөөгүй гэдгийг Комацубарад мэдэгдэв.Япон улсын Цэргийн атташе Комацубара сайд Догсомын мэдэгдлийг сонсоод, “За, за. Би учрыг мэдлээ. Миний бие энэ удаа танай улсын хязгаарт нэвтэрч эс чадсан ч дараа эрхбиш нэвтрэх цаг тохиох буй за хэмээн итгэж, энэ хэрэгт туслахыг хүсэж байна” гэжээ. Тэгээд Догсом, орчуулагч хоёрт нэг нэг шил архи өгч суулган нэгэн газрын зураг үзээд, “Одоо эрхэм улсын хязгаарт нэвтэрч элдэв байдлыг мэдэж чадсангүй боловч хол газраас байдлыг үзвээс энэхүү Алтанбулаг цагийн самуунд эвдэрч сайнгүй болсон мэт сонсогдсон. Харин одоо хүн ард олон, бас ч тус хотыг засаж сайжруулсан төлөвтэй бөгөөд эрхбиш хөгжиж буй бололтой санагдлаа” гэжээ. Догсом хариуд нь, "Манай Монгол Улс болбоос угаас говь хөдөөгийн задгай газарт нүүдэллэн амьдрах бүдүүлэг бага улс болохыг эрхэм та мэдэх буй за. Иймд бусад их улсын адил орон хот, барилга байшин их байгуулсангүй. Энэ хязгаарын Алтанбулагийг хот хэмээн нэрийдэх боловч чухамдаа хот гэхээр юм бага” хэмээсэнд “Танай улсад цэргийн наадам хэмээх их баяр болж байгаа гэнэ. Энэ нь тус улсын цэрэг хэрхэн мандсаныг харуулах их баяр болов уу?” хэмээхэд Догсом, “Манай Монгол улс эртнээс төдий л цэрэг тэжээж, улс гэрийг хамгаалан цэрэг хэмээх нэрийг олж явсангүй. Одоо бол тус улсын цэрэг эр суртал зорилгоо мэдэж, улсын цэрэг хэмээх нэрээ бататгахыг гол болгож бүхий цаг үе мөн тул улсын дотор морь уралдаж, бөх барилдах зэргээр наадам үйлдэж ирсэн хуучин заншлаар жил бүр ийнхүү наадам үйлдэж, уул наадмыг цэргийн наадам хэмээн нэрийдэж буй” гэж тайлбарлажээ. Япон улсын Цэргийн атташе Комацубара, “Миний бие Дээд- Үдээс мордохын өмнө танай улсын нот бичгийг аваад хариу цахилгаан утас явуулахдаа надад олгосон зөвшөөрлөө хүчингүй болгосон шийдвэрээ эргэн харж, дахин зөвшөөрөл олгож, манай хоёр улсын найрамдлыг илтгэх буй за хэмээн их л итгэж ирсэн билээ!” хэмээн гайхан бодолхийлж байсныг Догсомын бичсэн илтгэх хуудсанд тэмдэглэжээ.
Ийнхүү Япон улсын Цэргийн атташегийн БНМАУ-д зорчих гэсэн нэгэн оролдлого бүтэлгүй болж, тэрбээр хилийн цаанаас БНМАУ-ын барааг хараад буцсан түүхтэй.
1.Цэргийн атташе Комацубара хэдийгээр БНМАУ-д хувийн журмаар цөөн хоног зорчих зөвшөөрөл авсан байсан боловч энэ нь ЗХУ-ын бүрэн хяналтад байгаа БНМАУ-д албаны төлөөлөгчөө илгээж, тус улсын талаар үнэн бодитой мэдээлэл олж авах, улмаар Монголтой харилцаа холбоо тогтоох боломж нөхцлийг бүрдүүлэх гэсэн Япон улсын төрийн бодлоготой холбоотой байсан нь тодорхой юм. Ийм ч учраас Япон улсын Ерөнхий сайд Танака БНМАУ-ын Засгийн газар атташе Комацубарад виз олгосонд талархлаа илэрхийлж, Манжуурт байгаа консулд мөн нэгэн адил виз олгохыг хүссэн ажээ.
2.БНМАУ-ын Засгийн газар Цэргийн атташе Комацубарад олгосон зөвшөөрлөө яагаад гэнэт өөрчилсөн бэ? гэдэг асуулт урган гарч байна. Хэдийгээр БНМАУ-ын ГЯЯ-ны нот бичигт энэ учир шалтгааныг тайлбарласан боловч түүний цаана өөр шалтгаан байсан нь лавтай. Цэргийн атташе Комацубара ч үүнийг гадарлаж байсан бололтой. Тэрбээр 7 дугаар сарын 30-нд БНМАУ-ын ГЯЯ-нд явуулсан бичигтээ, Монгол Улс бүрэн эрхт улс атлаа өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон нь учир битүүлэг бөгөөд энэ тухайд Япон улсын засгийн газар хүлээн авч болохуйц өөр тодорхой шалтгаан хэрэгтэй байгааг шаардсан нь үүнийг нотолно.
БНМАУ-ын Засгийн газар Цэргийн атташе Комацубарад олгосон зөвшөөрлөө хүчингүй болгосон шалтгааныг тайлбарлахын тулд тухайн үеийн Монголын нөхцөл байдлыг сайтар анхаарах хэрэгтэй. ЗХУ болон Коминтерний зүгээс үндэсний ардчилсан үзэл бүхий Монголын удирдагчдыг засгийн эрхээс зайлуулж, тэдний оронд өөрсдийн гар хөл болсон зүүнтнүүдийг гаргаж тавих төрийн эргэлтийн бэлтгэлээ хийж байсан үетэй дээрх үйл явдал давхцаж байгаа юм. Коминтерн өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд Монголын удирдагчдын дунд яс хаях, хагалан бутаргах, даралт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх зэрэг олон аргыг хэрэглэж байв. Энэ аргаараа Монголын удирдагчдад дарамт шахалт үзүүлж Комацубарад олгосон визийг хүчингүй болгуулсан байж болох таамаглалыг дэвшүүлж байна.
З.БНМАУ-д зорчих гээд бүтэлгүй болсон Комацубарагийн оролдлого нь Монгол Улсын Ерөнхий сайд Да лам Цэрэнчимэдийн Япон улстай холбоо тогтоох гэсэн 1913 оны оролдлоготой тун төстэй үйл явдал болсон юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр оролдлогыг бүтэлгүй болоход нөлөөлсөн гол хүчин зүйл нь Хаант болон Улаан Оросын улс төрийн бодлого юм. Үүнээс үндэслэн дүгнэхэд, БНМАУ-ын талаар баримталж байсан Хаант Орос болон ЗХУ-ын бодлогын цаад мөн чанар нь “Агаар нэгэн” байсан буй за.
 
 
Японы "Asahi shimbun" сонинд 1937.02.03-нд энэ зураг гарчээ
 
 
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г. Мягмарсамбуу