Төв аймгийн Заамар суманд олгосон 21 мянган га газрын маргаантай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-ны өдөр болжээ. Маргаанд Заамар сумын гурван иргэн нэхэмжлэгчээр, Ашигт малтмал, газрын тосны газар хариуцагчаар, лиценз эзэмшигч “Эрдэнэсийн эрэг” компани гуравдагч талаар оролцов. Хурлын явцад хэлэлцүүлгийг “Эрдэнэсийн эрэг” компанийн хүсэлтээр 10 хоног хойшуулжээ.
Маргааныг эргэн сануу­лахад  “Алт- 2” хөтөл­бөрийн хүрээнд өнгөрсөн онд Төв аймгийн Заамар суманд алт олборлох боломжийг төрийн өмчит гэх “Эрдэнэсийн эрэг” компанид олгосон байдаг. Ингэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Дашдорж хуулиас давсан журам баталж түүний дагуу АМГТГ лиценз олгосон аж. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн сарын 12-нд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах тухай хууль зөрчсөн дээрх журмыг цуцалсан юм. Ингэснээр энэ  журмаар олгосон бүх лиценз цуцлагдахаар болсон хэрэг. Гэвч асуудлыг сунжруулан лицензийг цуцлах ажиллагааг удаашруулсаар байгааг эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал, шүүх хурлын үеэр “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Баярмаа “Энэ журам, хууль бус. Хууль бус журмыг үндэслэж олгосон лиценз цуцлагдах нь тодорхой. Өнөөдөр АМГТГ, “Эрдэнэсийн эрэг” компани хариуцагчаар оролцож байна. Нэгэнт хууль бус журмыг үндэслэж олгосон ашигт малтмалын зөвшөөрөл хүчингүй гэдгийг хэлмээр байна. Ер нь хууль бус журмаас үүдэн Заамар сумын Төмстий багийн малчдын эрх ашиг хохирч байгаа юм. Тухайлбал, бэлчээр усны хомсдолд орох, оршин суугаа газраа сонгох эрх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, өвлөх зэрэг үндсэн хуулиар олгосон хүний эрх зөрчигдсөөр байгаа нь ойлгомжтой” гэв.
Өнгөрсөн онд Төв аймгийн Заамар суманд 21 мянган га газрыг лицензээр эзэмших эрхийг “Эрдэнэсийн эрэг” компанид олгосон байдаг. Тус сумын малчдын ихэнх нь энэ нутагт амьдарч малын бэлчээр нутаг асуудалд орсон учраас лицензийг бүхэлд нь цуцлах асуудлыг шаардсаар ирсэн. Тэмцлийн явцад 21 мянган га-гаас 15 мянга га болгож бууруулсан. Гэтэл асуудал шүүхэд яригдаж эхлэхтэй зэрэгцээд 15 мянган га газрыг 3900 га болгож  дахин багасгажээ. Өөрөөр хэлбэл, ихэнх талбайг нь лицензээс хассан гэдэг нэр барьсан хэмээн малчид хардаж буй. Тэдний хэлж байгаагаар алтны компа­нийг ажиллуулах со­нир­хол АМГТГ-т байгаа юм байна. Хамгийн хачирхалтай нь ингэж хасах шийдвэрийг шүүх хурлын өмнө буюу гуравдугаар сарын 5-ны өдөр гаргасныг шалгах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ гал унтраах төдийгөөр аргацаахыг оролдож байна хэмээн Заамар сумын Ажлын хэсгийн ахлагч Л.Амгаланбаяр ярив. Тэрээр “ Шүүх хурлыг  “Эрдэнэсийн эрэг” компа­нийн хүсэлтээр 10 хоног хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ нь төрийн болон хуулийн байгууллага малчдын хүсэлтийг үл тоомсорлож зөвхөн компанийн эрх ашигт үйлчилж байгаагийн илрэл. Хойшлуулахдаа нэхэмж­лэгч тал буюу бидний нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болго гэж байна. Гэтэл компанийн зүгээс талбайн хэмжээг багасгахдаа ир­гэдийн хүсэлтийн дагуу багасгасан гэж тайл­бар­ласан. Үүнийг ойлгохгүй байна” гэв. Ийнхүү малчид малаа бэлчээрлүүлэх талбайгаа авч үлдэхийг эрмэлзэн жилийн турш тэмцсээр ирсэн. Заамар сумын ихэнх хэсэг нь “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд эвдэгдсэн.Тиймээс Өвөр наймганы 15 мянган га газар нутгаа бүтнээр нь авч үлдэхийн тулд  АМГТГ, “Эрдэнэсийн эрэг” ком­па­нитай тэмцлээ үргэлж­лүүл­нэ гэдгээ илэрхийлж байлаа.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин