sonin.mn
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийг дамнан оршдог Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт очиж, ховор сайхан амьтдыг нүдээр харах завшаан тохиолоо. Төвийн сонин хэвлэл, сайт, телевизүүдийн төлөөлөл болсон 20-оод сэтгүүлч, зураглаач аяны дөрөө харшуулж, хоёрын зэрэг “Пургон” машин хөлөглөж, хотоос 100-гаад км засмал замаар торолгүй давхиж, шороон замд 10 хүрэхгуй км тонгочуулсаар зорьсон газраа хүрсэн юм. Биднийг “Хустайн цогцолборт газар” төвийн захирал Ц.Дашпүрэв болон тус төвийн амьтны биологич, хамгаалалтын менежер Г.Ууганбаяр нар угтан авч, тусгай хамгаалалттай газар нутаг, тэнд ургадаг ургамал, суурьшсан амьтад, араатан жигуүртний талаар тодорхой танилцуулга хийлээ. УИХ-ын 83 дугаар тогтоолоор 1993 оны арваннэгдүгээр сард Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын хамгаалалтад авсан боловч таван жилийн дараа (1998 онд) байгалийн цогцолборт газар болгож, зэрэглэлийг нь ахиулсан байна. 50 мянган га газар нутгийг эзлэн орших тус газарт дунджаар 1500-1700 метр өндөр, хад чулуу ихтэй Хөшөөт булаг, Тариатын булаг, Эхэн-Ус зэрэг уул орших бөгөөд тэдгээр нь Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уулс юм. Уулын орой, ар шил, хээр тал газарт 450 шахам төрлийн ургамал ургахаас гадна 2000 орчим га талбайд хусан ой цайран харагдана. Тиймээс л Хустайн нуруу гэж нэрлэсэн биз ээ. Тус бүс нутагт 1992 оноос Монгол, Голландын хамтарсан баг “Тахь” төслийг хэрэгжүүлж, анх ,15 тахийг Оросоор дамжуулан авчирч байжээ. Түүнээс хойш гурван жил тутамд 18-20 тахь нэмж авчирсаар одоо 300 гаруй тоо толгойд хүрсэн байна. Тахь нь “Улаан ном’’-д бүртгэгдсэн ховор нандин амьтан болохоор хууль бус анчин, олз хайгчид төдийлөн халдаж зүрхэлдэггүй бололтой. Харин хэдийгээр тоо толгой нь өсч байгаа ч хүний нүдний хор, шуналын сэтгэлийг байнга хөдөлгөж, тэр хэрээр хохирч үлддэг амьтан бол буга. 1993 онд Хустайн байгалийн цогцолбор газарт ердөө 50 орчим халиун буга тоологдож байсан бол өдгөө 1100 гаруй болж, тоо толгой нь өссөн байдаг. Гэвч сүүлийн хоёр гурван жилд халиун буга руу халдах явдал байнга гарах болжээ. Үүнийг бид газар дээр нь үзэж, ёстой л сэтгэл сэрхийж, самсаа шархирч явлаа. Эхэн-Ус хэмээх газарт уулын гуу жалга, өвөр бэлд 4-5 буга бараа бараандаа нүд аньж, тэр сайхан амьтны тэргүүнийг газарт хүрэхээс хамгаалдаг асан олон салаа эвэр нь ор мөргүй алга болжээ. Ганц нэгийнх нь байгалийн жамаараа унасан байх гэмээр уг ёзоороороо мултарсан байхад заримынхыг нь зориудаар хөрөөдөж юмуу булга цохиж авсан болох нь илт харагдана. Энэ талаар тус цогцолборт газрын хамгаалалтын менежер Г.Ууганбаяр ярихдаа “Хаврын энэ тарчиг цагт бугыг 10-15 км газар морь, мотоциклээр хөөж бахардуулаад унасан хойно нь эврийг хөрөөдөх юм уу хүнд зүйлээр цохиж авдаг ийм балмад явдал сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Энэ жалганд л гэхэд тиймэрхүү байдлаар эрсэдсэн есөн бугын сэг зэм байна” гэж харамсан өгүүлэв. Тэдний хамгаалалтын захиргаанд 12 байгаль хамгаалагч байдаг ч асар уудам нутаг дэвсгэрт эргүүл тойруул хийж, хараа хяналтдаа байлгахад хүндрэлтэй асуудал тулгардаг тухай “Хустайн цогцолборт газар” төвийн захирал Ц.Дашпүрэв ярьж байсан. Биднийг дээрх цогцолборт газрын нутаг дэвсгэрээр хагас өдөр хэртэй аялахад УНИ 36-99 дугаартай жижиг тэрэг хөлөглөсөн, давлиун яриатай хэдэн залуу, “Булганы Дашинчилэнгээс адуугаа хайж явна" гэж шалтагласан, улсын дугааргүй мотоцикльтэй хоёр залуухан эр тааралдсан. Тэд ямар ч бичиг баримтгүйн дээр аялагч юмуу эрэлчин биш болох нь тодорхой харагдаж байлаа. Иймэрхүү дэл сул олз хайгчид яахаас ч буцахгүй авир гаргадаг гэдгийг олон жил энд ажилласан байгаль хамгаалагч нар хэлж байсан юм. Хустайн байгалийн цогцолборт газарт 55 зүйлийн хөхтөн амьтнаас гадна 223 төрөл зүйлийн араатан, жигүүртэн нутагшсан байдаг аж. Бид аяллынхаа замд арван хэдээрээ сүрэглэсэн тахь, арванхоёр салаа эвэр нь сэрийсэн, цөөнгүй тооны буга, бас ганц нэг чоно олж харснаар азтай хийморьтойгоо гайхаж явлаа. Мөн ичээнээсээ гараад удаагүй байгаа бололтой, өвлийн тарга тэвээргээ алдаагүй бандгар том тарвагыг олзуурхан харж, хийснээс илүүтэйд тооцогддог хэлсэн нүгэлээ хурааж л байцгаасан юм. Үнэхээр байгалийн үзэсгэлэнг харж сэтгэлийн цэнгэл эдлэхийг хүсвэл цөөн хэдэн төгрөг төлөөд Хустайн цогцолборт газрын хаана нь ч хүрэх, бас алжаал ядаргаагаа тайлж амарч тухлах боломжийн тохитой буудал ч тэнд байна. Тухайн газар нутагт ховор ан амьтныг хамгаалах, өсгөж үржүүлэхэд хүндрэл учруулдаг өөр нэг хүчин зүйл нь малчин өрх, тэдний мал сүргийн бэлчээрийн асуудал байдаг гэсэн. Тодруулбал, тус цогцолбор газрын эргэн тойронд 170 орчим айл өрх өвөлжиж хаваржаад зусдаг гэж байна. Тэдгээр айл өрхийн 100 мянга гаруй мал байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт идээшилснээр төрөл бүрийн халдварт өвчнийг зэрлэг ан амьтдад халдаах нөхцөл бүрдүүлж байгаад санаа зовж байдгаа амьтны биологич Г.Ууганбаяр хэлж байсан юм. “Хустайн байгалийн цогцолборт газар”-ыг 2002 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн байдаг. Тэгэхээр энэ газар бол зөвхөн Монголын бус дэлхийн сав шимийн ертөнцийн нэгээхэн хэсэг болсон гэсэн үг. Тиймээс 2003 онд “Хустайн  цогцолборт газар” төв хэмээх төрийн бус байгууллага бий болж, Байгаль орчны яам (тэр үеийн нэрээр)-тай гэрээ байгуулж, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах менежментийг хариуцан ажиллаж байна.
 
 
Тус төв таван алба, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажлаа явуулж байгаагийн дээр хамгаалалт, аялал-жуулчлал, сургалт судалгааны албад гол чухал үүргийг гүцэтгэдэг юм билээ. “Манай байгалийн цогцолбор газарт хэрэгждэг төсөл хөтөлбөрүүд үндсэндээ дууссан. Тийм болохоор бид аялал жуулчлалаас олсон орлогоороо өөрсдийгөө санхүүжүүлээд явж байна. Цаашдаа ч ийм менежментийг ашиглах болно. Бидний гол зорилго нь байгалийн цогцолборт газрынхаа эко системийг хамгаалах, тахь адууг сэргээн нутагшуулсны дүнд байгальд бие даан орших популяци бий болгох, экологийн аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх явдал юм” гэж “Хустайн цогцолборт газар” төвийн захирал Ц.Дашпүрэв ярьж байлаа. “Хустайн цогцолборт газар” төвийн нөөцөд бүртгэлтэй тахийн сүрэгт манай нэр хүндтэй эрхмүүд болон гадаадын зочид төлөөлөгчид тодорхой хэмжээний хураамж төлөөд нэр өгдөг уламжлал тогтжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэг азарга адууны “толгойлогч”-д “Аварга” гэдэг нэр өгсөн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди тухайн цогцолборт газарт нарсан ойтой болохыг бэлгэдэж нэг сүргийн толгой азарганд “Нарстай" гэж нэр хайрласан гэнэ билээ. Манай улсын нийт газар нутгийн 17.8 хувийг хуульд зааснаар дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт газар хэмээх дөрвөн ангилж, 102 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байдгийн нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар юм. Түүний эхний хоёр ангилалд хамаарах газар нь улсын тусгай хамгаалалттай нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг гэх мэдээллээс үзвэл төр засаг, салбарын яам бас ч анхаарал тавьдаг болох нь харагдана. Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулиар экологийн хэв шинжийг бухэлд нь агуулсан, устаж болзошгүй болон устах магадлалтай ан амьтан, биологийн ховор төрөл зүйлийг агуулсан газрыг тусгайд нь хамгаалахаар заасан байдгийг бодоход Хустайн нуруу үнэхээр чухал эко бүс гэдэг нь тодорхой. Тийм ч учраас“Хустайн цогцолборт газар” төвийн захирал Ц.Дашпүрэв тодотгохдоо ‘‘Энэ газар нутгийг тусгай хамгаалалтад авснаар сүүлийн 25 жилийн турш явуулсач эндхийн ургамал, ан амьтны биологийн төрөл зүйлийн судалгааг авч үлдэх, үргэлжлүүлэх боломж олгож байгаа юм. Эдгээр нь шинжлэх ухааны үнэ цэнэтэй материал, судалгаа болж үлдэнэ. Цаашдаа энэ нь үргэлжпээд явах болно. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын дээд удирдах байгууллага, Засгийн газраас ч үүнд анхаарч 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хүртэл хувийг тусгай хамгаалалтад авах зорилго тавьсанд бид баяртай байгаа юм. Энэ ажлын үр дүнд Монгол орны үзэсгэлэнт байгаль, онгон зэрлэг ан амьтан, араатан жигүүртэн, ургамлын ховор төрөл зүйлийг өвлүүлж үлдээх боломж бүрдэнэ гэж ойлгодог” гэж санал, сэтгэгдлээ хуваалцаж байлаа. “Менежмент нь зөв, ажиллагсад нь залуу, боловсрол мэдлэгтэй юм чинь зорьсондоо баараггүй хүрнэ дээ” гэсэн өөдрөг сэтгэлтэйгээр бидний хэсэг нөхөд нийслэлийн зүг хөлгийн жолоог эргүүллээ.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин