sonin.mn
Хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нарын томоохон бүрэлдэхүүн Гашуунсухайт, Ганцмодны боомтод ажиллаж, нүүрс тээвэрт явж буй монгол жолооч нарын нөхцөл байдалтай танилцсан. Хятадын талтай ч яриа хэлэлцээ хийж, тодорхой нөхцлүүдийг тохирсон байдаг. Ингэснээр Ганцмод боомтоор нэвтрэх хурд илт сайжирч, өдөрт 1,000 орчим машин хилээр нэвтэрч эхэлсэн талаар мэдээлж байв.  
Гэвч өчигдрөөс Хятадын талаас буцаад Монгол руу орох урсгал хоёр дахин хумигдаж, хилээр гарсан машинуудын ердөө тал хувь нь буцаж орохтой үгүйтэй болжээ. Ингэснээр Монголын нүүрс тээврийн 4,000 орчим машин Ганцмод боомт талдаа түгжигджээ. 
Олон хоног гацаж түгжигдэн, кабиндаа хоносон хэдэн зуун жолооч нарын байдал хүндэрснээс Хятадын талын цагдаа нартай муудалцах, үл ойлголцох, хэрүүл зодоон үүсгэх тохиолдол ч гарсан байна. Харин Хятадын тал ямар учраас гарах урсгалыг боогдуулж эхэлсэн талаар тодорхой мэдээлэл алга. 
Нүүрс тээврийн хувийн компанийн жолооч Н.Энхбаяр: 
- Бид үнэхээр хүнд байна. Сая сайд, дарга нар ирээд Хятад руу хил гарах нь овоо хурдаслаа гэж ойлгосон юм. Гэтэл Ганцмодноос буцаад орж ирэх гэхээр Хятадын тал гацаагаад, одоо бид анх уурхайгаас гарсантайгаа тооцвол 10-аад хоног машиндаа явж байна. Энд ингээд Хятадын боомтод хэдий болтол байх юм, бүү мэд. Зодоон нүдээн гараад, нилээн олон жолооч машиныхаа шилийг хагалуулсан. Удвал юу ч болж мэдэхээр байна. 
Үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг яаралтай анхаарч, арга хэмжээ авахгүй бол даамжирч магадгүй байгааг газар дээрхи хүмүүс хэлсэн байна. Гашуунсухайтын боомт нь Монгол Улсын экспортын хамгийн гол боомтуудын нэг юм. 
 
Б.Бадрал 
 
 
Б.Бадрал