sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж Оросын бизнесмэн К.Д.Романовский гэдэг хүн нэгэн захидал илгээжээ. Тэрээр захидалдаа:
-Би оюутан ахуйн сайн найз байсан Монголын нэртэй бизнесмэн, улстөрч "Ажнай" хэмээх тодотголтой Д.Бат-Эрдэнэд луйвардуулж чамгүй хохирлоо. Одоогоос 10 орчим жилийн өмнө түүнийг хамтарч бизнес хийх санал тавьсны дагуу бидний хэдэн хүн "Говь-Урал" нэртэй компани байгуулж "Тавантолгой" ХК-ийн 1023100 ширхэг хувьцааг худалдаж авсан юм. Тэгээд ч зогсохгүй Монголын нүүрсийг ОХУ руу гаргахдаа түүхийгээр нь бус чанаржуулахаар Чойрт ноос угаах үйлдвэр барьж эхэлсэн. Тэндээсээ ОХУ-ын долоон томоохон хэрэглэгч коксжих нүүрс байнга нийлүүлэхээр болж ажилласан юм. Тухайн үеийн эдийн засгийн хямрал нүүрлэсний улмаас банкны зээл авах болж нэрийн хувьцаагаа барьцаанд тавьсан байлаа. Харин сүүлд нь миний мэдлийн хувьцааг Д.Бат-Эрдэнэ найз маань хууль шүүхийнхэнтэй хуйвалдан авсан нь олон баримтаар ил боллоо. Найз маань ч надтай холбогдохгүй долоон жилийн нүүр үзэв. Энэ асуудлыг эрхэм Ерөнхийлөгч та анхааралдаа авч жирийн бизнесмэн надад тусална уу гэжээ. Захидлын эзэн К.Д.Романовский нэгэн цагт Д.Бат-Эрдэнэтэй Свердловскт оюутан байхдаа ах дүү шиг байж оюутны умгар өрөөнд аяга цай, зүсэм талхаа хуваан гайхалтай сайхан нөхөрлөж байж. Энэ тухайгаа К.Д.Романовский сэтгэл хөдлөм ярьдаг юм билээ. Ээлтэй тусч занг нь үнэлж монголчууд түүнд "Монгол Костя" гэсэн нэр хүртэл хайрлаж байсан гэдэг. Тэгээд андын нөхөрлөлөө үргэлжлүүлж дараа нь хамтарч бизнес хийж хөгжиж дэвшиж явсан түүх сүүлдээ бүдгэрчээ.
Уг нь  хэнд ч ойлгомжтой, энгийн асуудал юм. Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс К.Д.Романовскийн нэр дээр байсан 1023100 ширхэг хувьцааг (барьцаанд ч гэсэн) өмнө нь бий болсон маргаан дуустал бусдад шилжүүлэх, ямар нэг хөдөлгөөнд оруулахыг хориглосон шийдвэр гаргасан байдаг юм байна. Гэтэл сүүлд тус шүүхийн нэг нэр бүхий шүүгч хуурамч баримт материалд үндэслэн хувьцааг Д.Бат-Эрдэнэд олгох шийдвэр гаргуулчихсан гэх. Энэ тухай К.Д.Романовский ярихдаа:
-Уг шийдвэр хууль бус гэдгийг нотлох хангалтгай баримт надад бий учир цагдаа, прокурорт гомдлоо гаргасан юм. Гэтэл Монголын хууль, шүүхийнхэн шалгаж шийдвэрлэхдээ маш хойрго хандаж байна. Магадгүй зориудаар удаашруулж байгаа ч байх. Тодорхой хэлбэл Монголын шүүх, прокурор, цагдаа нь нэг хөнжилд багтсан юм уу гэхээр ойлгогдох боллоо. Уг нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоохдоо миний нэр дээрх 1023100 ширхэг хувьцааны ногдол ашиг болох гурван тэрбум төгрөгийг хуулийн нэр барьж нэг ёсондоо хулгайлан Д.Бат-Эрдэнэд олгосныг баталсан. Тэр хууль бус ажиллагааг гардан гүйцэтгэсэн "Тавантолгой" ХК-ийн захирал болон нягтлан бодогчийг тус бүр 9.5 сая төгрөгөөр торгож асуудлыг цаашид хууль шүүхийн журмаар шийдүүлэхийг зөвлөсөн удаатай. Тийм байтал энэ асуудлыг Монголын шүүх хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй цаг алдаж алгуурлаж байна гэж гомдоллоод энэ нь эрүүгийн хэрэг биш гэж үү. Орост бол эрүүгийн томоохон. гэмт хэрэг гэдгийг тодотгосон байна.
 
Орос нөхрийн захидлын утга санааг бүр сайн тунгаан бодох юм бол бидний Монголчууд өөр хоорондоо яриад байдаг улс төр, хууль шүүхийнхний бүлэглэлийн хууль бус үйлдэл Монголын нийгэмд уршиг тарьж олон хүнийг хохироож байна гэдгийн үнэн нүүр царай цухалзаад байгаа юм биш үү дээ.
 
К.Д.Романовскийн хувьд урьдын найзын хувиар асуудлыг өөр хоорондоо шийдвэрлэхийг хичээсэн юм билээ. Гэтэл Д.Бат-Эрдэнэ уулзах нь байтугай утсаар ч холбогдохгүй болчихсон гэнэ. Орос нөхөрт байгаа баримтуудаас харвал түүний хувьцааг Д.Бат-Эрдэнэ өөрийн болгохдоо хууль шүүхийнхэнтэй илт хуйвалдаж хуулийн цоорхой ашиглан зохион байгуулалттай луйвар хийсэн шиг байгаа юм. Урьдын найз, бизнесийн түншээ мартсан Д.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчид захидал ирсний дараа "Тэр захидлыг Костя үнэхээр өөрөө бичсэн юм уу" гэж дам хүнээр лавлуулсан сураг бий. Орос хүний баримт түшин яриад байгаа бүгд үнэн бол Д.Бат-Эрдэнэ гэж буяндаа бузар хийж ичих нүүрээ алдсан нөхөр болж таарах нь. Оюутан ахуй цагт К.Д.Романовский өөрт нь бас монголчуудад яаж тусалж, ах дүүсэг хандаж байсныг мартсан хэрэг үү. Энэ бол зөвхөн хоёр хүний хоорондын асуудал ерөөс биш. Монгол-Оросын уламжлалт найрамдал, эдийн засгийн харилцаанд сэв суулгах зүйл. Яагаад гэхээр гадныханд монголчууд тийм л хулхи, луйварчид юм шүү гэсэн ойлголт төрүүлж мэдэх магадлалтай л даа.
Нөгөө гэвэл К.Д.Романовский гэдэг хүн Монголд элэгтэй нэгэн аж. Ерөнхийлөгч В.Путин, Х.Баттулга нар өнгөрсөн онд уулзахдаа Восточный боомтыг ашиглан Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах үр дүнтэй хэлэлцээр хийснийг мөн Монголын нүүрсийг хөнгөлөлттэй үнээр тээвэрлэхээр болсонд олзуурхан баярлаж явдгаа тэрбээр хэлсэн байна лээ. Тийм байтал Д.Бат-Эрдэнэ сайхан санааны эсрэг ус цацсан юм шиг. Орос нөхрийн захидлын утга санааг бүр сайн тунгаан бодох юм бол бидний монголчууд өөр хоорондоо яриад байдаг улс төр, хууль, шүүхийнхний бүлэглэлийн хууль, бус үйлдэл Монголын нийгэмд уршиг тарьж олон хүнийг хохироож байна гэдгийн үнэн нүүр царай цухалзаад байгаа  юм биш үү дээ.
К.Д.Романовский шударга, сүрхий хүн  шиг байна лээ. Тэр худал хуурмаг явдал, ил цагаан луйвартай хэзээ ч эвлэрэхгүй, бууж өгөхгүй Монголын шүүхээр асуудал шийдвэрлэгддэггүй юм бол олон улсын Арбитрийн шүүхэд хандах болно гэсэн байна.
Бүр тэр шатанд очих юм бол Д.Бат-Эрдэнийн ч, Монгол Улсын ч нэр төр шалан дээр унахад хүрнэ. Хэрэг явдлын мөрийг мөшгөвөл ийм л дүр зурагтай.
 
Д.Бичээчхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин