sonin.mn
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн лхагва гарагт 30 гаруй насны эмэгтэй Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас өндөр хүчдэлийн шон дээр гарч амиа хорлохыг завджээ.
Цагдаагийн газарт "Мөрөн сумын 9 дүгээр багийн засмал замын төгсгөл цахилгааны өндөр хүчдэлийн шон дээр үл таних эмэгтэй хүн гараад амиа хорлоно гэж орилоод байна" гэх дуудлага лхагва гарагийн өдрийн 16 цаг 04 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ганболд, цагдаагийн дэд ахлагч Д.Пүрэвдорж, цагдаагийн ахлагч Д.Бямбабаяр, Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ё.Шижиртуяа нар тус газарт Аймгийн Онцгой байдлын газрын аврагчидтай хамтран ажиллаж цагдаагийн дэслэгч Ё.Шижиртуяа тус иргэнтэй ярилцлага хийж тайвшруулж, өндөр хүчдлийн шонгоос буулгаж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Тэр эмэгтэй 2 хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд "Шүүхээс гарсан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо тогтой утас барина, эсвэл эндээс үсэрнэ" гэж хэлж байжээ. Шүүхийн ямар шийдвэр гарсан тухай хууль хяналтын байгууллагынхан одоогоор олон нийтэд мэдээлэх боломжгүй гэнэ. Амиа хорлох тохиолдол тус аймагт хамгийн их байгаа бөгөөд өнгөрсөн онд 130 гаруй тохиолдол бүртгэгджээ.  
 
 
Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг