sonin.mn
Шүүхийн Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатартай ярилцлаа.
 
-Шүүхийн Ёс зүйн хороо өнгөрсөн хугацаанд шүүгчидтэй холбоотой хэдэн гомдол, мэдээлэл шалтаж шийдвэрлэв?
 
-Шүүхийн Ёс зүйн хороо 2013 онд багц хууль батлагдсанаас хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шүүгчийн ёс зүйн дүрэм 2014 онд батлагдаад гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа шинэ хууль дүрмийн дагуу хийгдэж байна. 2014 онд шүүгчийн ёс зүйтэй холбоотой 208 гомдол ирснээс 165-д нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 27 шүүгчид холбогдох гомдолд хэрэг үүсгэсэн бол зургаан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан.
2015 онд 213 гомдол, 2016 онд 231, өнгөрсөн онд 242 гомдол хүлээж авсан байна. Энэ утгаар нь авч үзвэл гомдлын тоо буураагүй. Дунджаар гомдлын тоо 4.5 хувиар өссөн. Сахилгын хэрэг үүсгэсэн байдлаас харахад өмнөх жилүүдтэй ойролцоо түвшинд байна. Өөрөөр хэлбэл, 2014 онд 24, 2015 онд 27, 2016 онд 33, өнгөрсөн жил 27 шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэрийг нийт гишүүдийн хуралдаанаар сахилгын шийтгэл ногдуулахаас гадна хэрэгсэхгүй болгож болно. Энэ дүрмийн дагуу 2014 онд зургаа, дараа жил нь 13, 2016 онд найм, 2017 онд 14 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан дүнтэй байна.
 
-Шүүгчийн ёс зүйтэй холбоотой ямар төрлийн гомдол их ирж байна вэ?
 
-Шүүгчидтэй холбоотой гомдлын төрлийг ангилж үзвэл хэргийн хөдөлгөөнд хяналт тавиагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрийг хугацаанд нь гаргах, хүргүүлэх, хуралдааныг боломжит хугацаанд мэдэгдээгүй гэсэн гомдол 30 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн захиргааны байгууллага хяналт тавьдаг ч шүүгч үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үг юм. Мөн нийт гомдлын 80 орчим хувийг хэн нэгэн хүнд, нөгөө талд үйлчилсэн гэдэг гомдол эзэлдэг. Гэхдээ зөвхөн хэргийн хөдөлгөөнд хяналт тавьсангүй гэхгүй хэт нэг талд үйлчилсэн, нөлөөлсөн гэх зүйл бараг гомдол бүр дээр дурдагддаг.
Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, өөрийгөө өмгөөлүүлэх, нотлох баримт гаргуулах эрхтэй зэрэг иргэний үндсэн эрх, эрх чөлөөг эдлүүлээгүй гэх гомдол 25 орчим хувийг эзэлж байна. Шүүгч хэргийн оролцогчтой зан харилцааны хувьд хүндэтгэлгүй хандсан, зохисгүй байдал гаргасан гэсэн гомдол 14 орчим хувийг эзэлдэг.
Түүнчлэн хэргийн оролцогчтой утсаар ярьсан, ганцаарчлан уулзсан зэргээр хувийн харилцаатай байсан гэж гомдол гаргадаг. Хэргийг шийдвэрлэхэд шүүгчийн мэдлэг чадвар дутсан, итгэл үнэмшил төрөөгүй, шударгаар шийдвэрлэсэнгүй гэсэн гомдол нийт гомдлын таван хувийг эзэлж байна.
 
-Ихэнхдээ ямар төрлийн гомдолд сахилгын шийтгэл оногдуулсан байна вэ?
 
-Хэргийн хөдөлгөөнд тавих хяналтаа хэрэгжүүлээгүй, шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзсан, харилцсан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн шүүгчийн хувийн зан байдалтай холбоотой буюу зохисгүй байдал гаргасан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан байдаг.
 
-Шүүхийн Ёс зүйн зөвлөл шүүгчидтэй холбоотой гомдлыг шийдвэрлэхдээ ямар процессоор хянадаг. Мөн шүүгчдээс хараат бус байж чадаж байна уу?
 
-Шүүхийн Ёс зүйн хороо хараат бусаар шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэг байгууллагад харьяалагддаггүй. Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг хүн сонгогддог. Хуульзүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурван хүн байдаг. Өнөөдрийн байдлаар хуульзүйн ухааны доктор хоёр, Хуульзүй дотоод хэргийн яамны газрын дарга байна. Мөн хуульчдын холбооноос эрдэмтдийн төлөөлөл болсон гурван хүн сонгогддог.
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөл буюу өмгөөлөгч, шүүгч, прокурор оролцохыг хориглодог. Шүүхийн захиргааны ажилтныг хуулиар хориглосон. Шүүхийн ёс зүйн хорооны дээрх есөн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Шүүгчийн ёс зүйн асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн нэгэн гаднаас нөлөөлөх боломжгүйгээр бүрэлдэхүүн, бүтэц зохион байгуулалтыг хийж өгсөн гэж хэлж болно.
Ёс зүйн хорооны гомдол хянан шийдвэрлэх процесс бол гомдол гаргагчдын хүсэлтээр дараагийн шатанд очдог. Гомдлыг гурван гишүүн хянаад сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийддэг. Тухайн иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдол шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй байна гэдэг үндэслэлтэй бол татгалзаж шийдвэрлэдэг. Сахилгын хэрэг үүсгэлээ гэхэд шүүгч хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргах тохиолдол байдаг. Мөн Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцэнэ.
Сахилгын шийтгэл оногдуулахдаа сануулах, цалинг зургаан сараар 30 хувь хүртэл бууруулах, огцруулах эрхтэй. Ер нь нийт гомдлын 80 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Ёс зүйн хорооны шийдвэртэй санал нийлэхгүй бол шүүгч, иргэний аль аль нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.
 
-Шүүгчидтэй холбоотой авлига, албан тушаалын гомдол хэр ирдэг вэ?
 
-Авлигал авсан гэсэн гомдол ирээгүй. Харин шүүгч хэргийн оролцогчоос мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө буцаагаад төлсөн гэдэг асуудлаар мөнгө зээлүүлсэн хүн нь буцаагаад Ёс зүйн хороонд гомдол гаргасан тохиолдол байгаа. Энэ үйлдлээрээ цалингийн 30 хувиар гурван сар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг.
 
-Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахаар буцаагаад шүүгч нь заргалдаад “унагадаг” тохиолдол цөөнгүй гардаг гэж сонссон?
 
-Тийм тохиолдол бий. Ёс зүйн хорооны шийдвэр үндэслэлгүй, гомдлыг ёс зүйн зөрчилд хамааруулахгүй гэж үзээд шүүхэд гомдол гаргадаг. Гомдол гаргахгүйгээр шийтгэлээ хүлээгээд явдаг шүүгч ч байна.
 
-Шүүгчид огцруулах шийтгэл оногдуулсан тохиолдол байдаг уу?
 
-Нэг шүүгчийг огцруулсан байдаг. Одоогийн байдлаар Шүүхийн Ёс зүйн хороо гурван шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Гэхдээ нэгийг нь хяналтын шатны шүүх дахин шалгуулахаар буцаагаад цалин бууруулах шийтгэл болгосон нь хүчин төгөлдөр болсон. Харин хоёр шүүгчийн асуудал Захиргааны хэргийн давж заалдах болон Дээд шүүхээр хянагдаж магадгүй учраас эцэслэн шийдэгдээгүй байна.
 
-Шүүгчдийн ёс зүйтэй холбоотой гомдол жил ирэх тусам нэмэгдсэн байна. Ер нь Шүүхийн Ёс зүйн зөвлөл ажилласнаар ямар үр дүн гарав?
 
-Шүүхийн үйл ажиллагаа харьцангуй ил тод, нээлттэй болсон. Үүнтэй холбоотойгоор шүүгчидтэй холбоотой гомдол нэмэгдэж байх магадлалтай. Нөгөө талаас Шүүхийн Ёс зүйн хорооноос шүүгчийн ёс зүйн зөрчилд хэрхэн гомдол гаргах вэ гэсэн гарын авлага, видео бичлэг хийж олон нийтийг мэдээллээр хангасан.
Шүүгчийн ёс зүй хариуцлага сэдвээр хэлэлцүүлэг хийж, олон улсын бага хурал зохион байгууллаа. Мөн Шүүхийн Ёс зүйн хорооны шийдвэрүүдээр ном гаргахаар эмхтгэж байна. Гомдол буурахгүй байгаа нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа. Шүүх хэдий хэмжээгээр нээлттэй байна тэр хэмжээгээр иргэдийн хардлага бага байна.
 
-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийн ёс зүйтэй холбоотой гомдол гаргасан уу?
 
-Ямар ч гомдол ирээгүй.
 
С. Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин