sonin.mn
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэн бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг дараалан гарах болжээ. Орон сууцхудалдан авч буй иргэд, санхүүгийн байгууллагууд, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) энэ төрлийн хэргийн хохирогч болдог байна. Орон сууц зэрэг ул хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан, мэхлэх гэмт хэргийн арга, үйлдэл улам нарийсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсны дээр Санхуүгийн зохицуулах хорооноос доорх сэрэмжлуулгийг гаргажээ. Үүнд,
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний унэт цаасыг ашиглан эзэмшигчийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн хаяг байршил, гэрчилгээний  Y дугаар, улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдэг зэргийг өөрчлөн хуурамчаар бичих,
Цахим ТҮЦ машины үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг хуурамчаар үйлдэж ашиглах,
Хуурамчаар үйлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагааг ашиглан арилжааны банк, ББСБ, ХЗХ-ноос үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан их хэмжээний зээл авах,
Арилжааны банк, ББСБ-ын зээлийн мэргэжилтэн судалгаа хийж, барьцаанд тавьж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар очиж шалгах үед тухайн орон сууцыг урьдчилан түрээсэлж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр тохижуулан танилцуулах байдлаар зээлийн эдийн засагчийн итгэл үнэмшлийг олох, 
Барьцаа,зээлийн гэрээг байгуулсны дараа Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн тэмдэг, гарын усгийг хуурамчаар үйлдэж, материалыг зээлийн эдийн засагчид өгөх; 
Арилжааны банк, ББСБ-аас зээл авах сонирхолтой иргэдэд хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагаа зэргийг өгөх, зээлийн болон
барьцааны гэрээнд улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдгийг дуурайлган үйлдэх зэргээр гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдэх болжээ.
Иймд иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барьцаалан зээл олгохдоо тухайн эд хөрөнгийн эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа дүүрэг, хорооноос шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллага болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөлөө.
 
У.Орхон
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин