sonin.mn

“Монгол сонсъё” үндэсний аян Хэнтий аймгийн Биндэр суманд амжилттай зохион байгуулагдаж, Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төсөл, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал, хүсэлтийг сонсчээ. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Хэнтийн аймгийн Ардчилсан намын төлөөлөл 10 дахь сумандаа ажиллаж байгаа нь энэ аж. Уулзалтын үеэр иргэд орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцсон байна. Тухайлбал, тус суманд ойрхон давтамжтай хийгдэж буй тогны хязгаарлалтын асуудлыг шийдвэрлэх, “Зөрчлийн тухай хууль”-ийг эргэн харах шаардлагатай байгааг хэлж байв. Үүнээс гадна орон нутагт хятадууд олноороо ажиллах болсныг төр анхааралдаа авах шаардлагатайг сануулж байлаа. Тодруулбал, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож, түүнийгээ нуун дарагдуулж, удирдлагууд нь орон нутгаа худалдаж байгаад харамсаж байгаагаа иргэд хэлж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн асуудал, цөлжилтийн асуудлыг ч төр нэн даруй анхааралдаа авч, шийдвэрлэх цаг нь болсныг иргэд сануулж байв. Уулзалтын дараа Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдийн дунд үндэсний сурын харвааны тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээн багийн төрлөөр явагдсан бөгөөд I байрт Зулбадрах ахлагчтай баг хамт олон шалгарсан бол удаах байрт Тунгалаг, Нямтөмөр ахлагчтай багууд тус тус шалгарсан байна. “Монголоо сонсъё” аян Хэнтий аймгийн Баян-Адарга суманд үргэлжилнэ.